Ням, 4 сар 20, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиЦахим үндэстэн болох зорилго сааталд орж мэдэх нь

Цахим үндэстэн болох зорилго сааталд орж мэдэх нь

Монгол Улс “цахим үндэстэн” болох зорилтыг тавиад тав дахь жилийнхээ босгон дээр ирлээ. Гэвч энэхүү амбицтай хөтөлбөрийг бодит байдалд хэрэгжүүлэх боломжийг зарим үйл явдал эргэлзээтэй болгож байна. Тухайлбал, 2024 оны арваннэгдүгээр сард “Интермед” эмнэлгийн мэдээллийн систем хакерт өртөж, иргэдийн хувийн мэдээлэл, холбоо барих утас, оношийн дата алдагдсан нь цахим аюулгүй байдлын тулгамдсан байдлыг харуулсан хэрэг боллоо. Улмаар төр, хувийн хэвшлийн аль аль нь кибер хамгаалалтдаа хариуцлагагүй хандаж байгааг хэн хүнгүй хэлж эхлэв.

Төр мэргэжилтнээ алдсаар байна

Төрийн байгууллагууд мэдээллийн технологийн мэргэжилтнээр дутагдаж байгаа нь асуудлын нэг хэсэг. Төрөөс санал болгож буй цалин хөлс нь чадвартай боловсон хүчний хувьд хангалтгүй учир дотоодын чадварлаг инженерүүд гадаадын компаниуд руу шилжиж, үлдсэн хэсэг нь хувийн секторт ажиллаж байна. Жил бүр гадаад руу гарч буй 400-500 инженерийн алдагдал үүнийг илтгэнэ.

Давхардсан бүтэц, сул манлайлал

Цахим засаглалыг хэрэгжүүлж буй байгууллагууд хоорондоо чиг үүргээрээ давхардсан бүтэцтэй. Тухайлбал:

  • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
  • Үндэсний дата төв
  • “И-Монгол академи” УТҮГ
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар
  • Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг олон байгууллага зэрэгцэн ажиллаж байгаа ч удирдлагын төвлөрсөн зохион байгуулалт сул байна.

Хүний эрхийн үндэсний комиссын 24 дэх илтгэлд ч энэ асуудлыг онцолж, “цахим хөгжлийн салбарт манлайлал сул, хүний нөөцийн тогтворгүй байдал, чиг үүргийн давхардал” нь цахим засаглалын үр нөлөөг бууруулж байгааг анхааруулжээ.

Иргэдийн мэдээллийг алддаг улс цахим үндэстэн болох боломжгүй

Мэдээллийн аюулгүй байдал, цахим эрх зүйн чиглэлээр мэргэшсэн судлаач Л.Галбаатарын хэлснээр:
“Иргэдийнхээ мэдээллийг алддаг улс цахим үндэстэн болж чадахгүй. Бидэнд мэдлэг, чадвар, хүний нөөц алга. Лицензгүй программ ашигладаг нь халдлагад өртөх томоохон шалтгаан болж байна. Программыг тогтмол шинэчлэхгүй бол кибер халдлага ороход амархан байдаг. Кибер аюулгүй байдал нь зогсолтгүй ажиллагаа шаарддаг салбар юм.”

Мөн тэрбээр төрийн байгууллагууд Facebook платформоос хэт хамааралтай болсныг шүүмжилж, төрийн үйлчилгээ заавал фэйсбүүк хуудсаар түгж байх шаардлагагүй гэдгийг онцолсон. Сонгуулийн үеэр Facebook компанитай уулзалт хийх нь хэвийн үзэгдэл болсныг ч дурдсан байна.

Бодлогын түвшний зорилт ба бодит байдал

2022-2026 оны хооронд хэрэгжүүлэх “Бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх төлөвлөгөө”-нд Монгол Улс бүх салбарын инновац хөгжлийг дэмжиж, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилт тавьсан. Гэвч орон нутгийн сургууль, өрх гэрт компьютер, интернетийн хүртээмжгүй байдал байсаар байна.

Олон иргэн мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдлэггүй, ямар мэдээллийг хаана, хэнд өгөхөө ч ойлгоогүй байна. Азтан шалгаруулах лайвын доор утас, регистрийн дугаараа бичих жишээ түгээмэл бөгөөд энэ нь нийгэмд цахим соёл, боловсролын дутмаг байдлыг илчилж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд