Сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, мопед зэрэг тээврийн хэрэгслийн хэрэглээ эрс нэмэгдэж, осол, гэмтлийн тоо мөн огцом өсөж байна. 2022-2024 оны хооронд эдгээр тээврийн хэрэгслээс үүдэлтэй 887 осол гэмтэл бүртгэгдсэн бөгөөд 2023 оны үед ослын тоо 305 болж өсөж, 2024 онд энэ тоо 532-д хүрч, 74.4%-иар нэмэгджээ. Эдгээр ослын улмаас гурван хүн амь насаа алджээ.
2024 оны статистик:
- 93% нь нийслэлд буюу 495 тохиолдол бүртгэгдсэн.
- 91.2% нь ГССҮТ-д (Гэмтэл согог судлалын үндэсний төв) хандсан бөгөөд энэ нь 485 иргэн юм.
- Осолд орсон хүмүүсийн 67.1% нь эрэгтэй, 32.9% нь эмэгтэй. Эрэгтэйчүүдийн дунд 15-19 нас, эмэгтэйчүүдийн дунд 5-9 насны хүүхдүүд хамгийн их өртсөн байна.
2025 оны эхний зургаан сарын үзүүлэлт:
2025 оны эхний хагас жилийн байдлаар 3146 осол бүртгэгдсэн нь өмнөх онуудтай харьцуулахад эрс өссөн байна. Эдгээр осол нь эрэгтэйчүүдийн 2419-ийг, хамгийн олон тохиолдол нь 10-29 насны иргэдтэй холбоотой байв.
Зургадугаар сарын 2-ноос 15-ны хооронд ГССҮТ-д нийт 7555 хүн яаралтай тусламж авснаас 741 нь дугуй, цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, Eco bike, Tapa зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осолд өртжээ.
Бэртэл гэмтлийн төрлүүд:
- Доод мөчний: Хөлийн хуруу, шагай, шилбэ, өвдөг, түнхний хугарал, цууралт
- Дээд мөчний: Гар, сарвуу, тохой, атгаал яс, мөрний хугарал
- Цээж хэвлийн: Хавирганы хугарал
- Толгой хүзүү: Гавал ясны цууралт, хугарал, тархины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл
Шинэ журам:
Цахилгаан дугуй, мопед унахтай холбоотой шинэ журам хэрэгжиж эхэлсэн. Сурроныг А үнэмлэхтэй, 18-аас дээш насныхан зөвхөн авто зам дээр хэрэглэнэ. Харин скүүтер, цахилгаан дугуйны хувьд явган замаар зорчиход 10 км/цаг эсвэл 5 км/цаг-аас бага хурдтай байх шаардлагатай болсон.