Даваа, 8 сар 18, 2025
HomeОсол хэрэгЦ.Санжаачойпэл эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан ч дахин хоригдон, 8-р сарын 29-нд чөлөөлөгдөнө

Ц.Санжаачойпэл эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан ч дахин хоригдон, 8-р сарын 29-нд чөлөөлөгдөнө

2025 оны 7-р сарын 18-19-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3-р хороонд байрлах “Канте” шөнийн цэнгээний газрын гадна талбайд 03:45 цагийн орчим хэсэг хүмүүсийн хооронд зодоон болжээ. Уг хэрэгт “Эрэл” компанийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Баатарсайханы Амарсайхан, Лувсандоржийн Алтан-Очир нар гол оролцогчид байсан.

Хохирогчийн байдал

Зодооны улмаас 25 настай Д.С. хохирч, нүүрний яс хугарч, нэг нүдний хараагаа алдсан оноштойгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд (ГССҮТ) эмчлүүлсэн бөгөөд олон гэмтэл, шархны улмаас гадаадад эмчлүүлэхээр явжээ. Хохирогчийн аав Д.Дашзэвэг өөрийн сошиал хуудсандаа “Хүүгээ өнөөдөр эмчилгээнд гадаад улс руу явууллаа. Гэмт хэргийн улмаас авсан гэмтэл нь хавсарсан олон хэмхрэл гэмтлүүдтэй маш хүнд хагалгаа эмчилгээ шаардлагатай байсан тул ар гэрийн зүгээс хүсэлт гарган гэмтлийн эмнэлгийн эмчлэгч эмч нараас зөвлөгөө зөвшөөрөл авч эмчилгээд явууллаа. Хүүг минь хүлээн авч яаралтай тусламж эмчилгээ үзүүлэн эмчилж өгсөн Гэмтлийн эмнэлгийн эрдэмт эмч нартаа талархал илэрхийлье. Мөн энэ хугацаанд миний хүүгийн төлөө санаа зовж залбирч байсан бүх хүнд баярлалаа” гэжээ.

Хэргийн мөрдөн шалгалт

Зодоонд оролцогчдоос гурван хүн баривчлагдаж, нэг нь гадаадад зугтсан байна. Баатарсайханы Амарсайхан 2025 оны 7-р сарын 20-нд Монголын хилээр гарсан бөгөөд 7-р сарын 27-нд ирж мэдүүлэг өгч, мансууруулах бодисын шинжилгээ өгчих байсан ч 21 хоногийн турш ирээгүй. Түүний одоогийн байршил тодорхойгүй тул эрэн сурвалжилж байна. Амарсайхан Монголд ирж, мөрдөн байцаалт, шинжилгээнд хамрагдвал уг хэргийн шалгалт дуусч, прокурорт шилжих боломжтой.

Ц.Санжаачойпэлийн хорих хугацааны өөрчлөлт

Хэрэгт холбогдсон бусад гурван этгээд (Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир) эхлээд 48 цагийн хугацаатай хоригдож, дараа нь 2025 оны 7-р сарын 23-нд прокурорын эсэргүүцлийн дагуу 30 хоногийн хорих шийдвэр гарсан. Гэсэн хэдий ч Ц.Санжаачойпэл 2025 оны 7-р сарын 8-нд эрүүл мэндийн шалтгаанаар өмгөөлөгчийн хүсэлтээр суллагджээ. Прокурорын байгууллага үүнийг эсэргүүцэн 2025 оны 8-р сарын 15-нд шүүх хуралдаан болж, түүнийг 30 хоногийн хорих хугацааг дуустал дахин хорьжээ. Иймээс 7 хоног сул байсан Ц.Санжаачойпэл 2025 оны 8-р сарын 29-нд суллагдахаар болжээ. Харин Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын хорих хугацаа 8-р сарын 22-нд дуусна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд