Монголын The MongolZ баг ESL Pro League Season 23 тэмцээний Swiss шатанд 3-1 амжилт үзүүлж, LAN шатанд шалгарлаа. Тэд онлайн шатанд paiN, Aurora, 3DMAX багуудыг ялсан бол Германы MOUZ багт 2-0 харьцаагаар ялагдсан нь цорын ганц хожигдол болсон байна.
Шведэд болох плей-офф шатанд The MongolZ баг өмнө нь PGL Cluj-Napoca тэмцээнд хүрсэн шилдэг дөрвийн амжилтаа ахиулах зорилготой оролцох юм. Энэ тэмцээн нь багт саяхан нэгдсэн 20 настай Монгол тоглогч cobrazera-ын хувьд The MongolZ багийн бүрэлдэхүүнд орсноос хойших хоёр дахь том тэмцээн болж байна.
Тэрбээр HLTV-д өгсөн ярилцлагадаа багийн хуучин тоглогч Senzu-ыг орлож тоглох нь хамгийн их дарамт учруулж буйг онцолсон байна.
“Би Senzu-г орлож тоглож байгаа. Тийм учраас энэ нь хамгийн хэцүү дарамт гэж бодож байна. Тэр бол миний дотны найз, надад зөвлөгөө өгч, ‘муу сэтгэгдлүүдэд анхаарал хандуулах хэрэггүй, өөрийн тоглолтоо хий, чи сайн тоглоно’ гэж хэлдэг” хэмээн cobrazera ярьжээ.
Түүний хэлснээр багийн уур амьсгал эерэг бөгөөд хамтрагчид нь алдаа гаргасан үед зөвлөж, хамтдаа шийдвэрлэхийг хичээдэг гэнэ. Иймээс өндөр түвшний тэмцээнд дасан зохицох нь тийм ч хэцүү байгаагүй гэж онцолсон байна.
Мөн The MongolZ баг ESL Pro League тэмцээний эхний шатанд дасгалжуулагч maaRaa-гүй тоглосон нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн талаар хэлжээ. Түүний хэлснээр дасгалжуулагч талбайн гаднаас тоглолтыг харж, стратегийн зөвлөгөө өгдөг тул түүний оролцоо багийн хувьд чухал байдаг аж.
“maaRaa байхгүй үед яг л нэг пазлын хэсэг дутуу байгаа мэт санагддаг. Бид ихэвчлэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй тоглодог, тэгэхээр нэг хүн дутуу байх нь багийн уур амьсгалд нөлөөлдөг” гэж cobrazera тайлбарласан байна.
Мөн тэмцээнд Vitality болон Falcons багууд оролцоогүй байгаа нь багт тодорхой хэмжээнд өөртөө итгэх итгэл өгч байгааг хүлээн зөвшөөрсөн байна. “Толгойн ард бага зэрэг итгэл төрж байгаа” гэж тэрбээр нэмж хэлжээ.
cobrazera багт нэгдсэний дараах хувийн зорилгынхоо талаар ярихдаа багийн тоглолтыг илүү тогтвортой болгохыг зорьж байгаагаа онцолсон. Түүний хэлснээр хамгийн чухал нь шинэ хүн мэт мэдрэмж төрүүлэхгүй, багийн тоглолтод саад болохгүй байх явдал аж.
