Австралийн найруулагч Gabrielle Brady-гийн бүтээл The Wolves Always Come at Night буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” кино нь 2026 оны “Оскар”-ын шилдэг олон улсын кино төрөлд Австрали улсаас албан ёсоор нэр дэвшээд буй.
Энэхүү бүтээл нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Д.Даваасүрэн, Д.Отгонзаяа нарын бодит амьдралаар дамжуулан, мянга мянган жил хадгалагдан ирсэн нүүдэлчдийн ахуй, соёл уур амьсгалын өөрчлөлтийн сорилттой тулгарч буйг өгүүлжээ. Тэдний амьдралын түүхээр дамжуулан монголчуудын дасан зохицох чадвар, “дотоод дархлаа”-г эрэн хайж буйг илэрхийлсэн нь онцлогтой.
Шагналын онцлох мэдээ
Өчигдөр БНХАУ-ын Фужоу хотод зохион байгуулагдсан 12 дахь Silk Road олон улсын кино наадмаас уг бүтээл “Golden Silk Road Шилдэг Баримтат Кино” шагнал хүртэв.
Энэ удаагийн наадамд 125 улсын 2825 бүтээл ирснээс, баримтат киноны төрөлд 100 гаруй бүтээл өрсөлдсөн бөгөөд “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээл тэдгээрээс ялгарч амжилт гаргасан байна.
Энэхүү киног Австралийн Over Here Productions, Германы Chromosom Films, Монголын Гуру Медиа хамтран бүтээжээ.