Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд албан ёсоор эхэлжээ.
Дөрөв хоног үргэлжлэх энэ удаагийн тэмцээнийг 1980 оны Москвагийн зуны XXII олимпын наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, нэрт бөх Ж.Даваажавын нэрэмжит болгон зохион байгуулж буй нь онцлог. Ингэснээр түүний Монголын бөхийн хөгжилд оруулсан хувь нэмэр, спортын түүхэнд үлдээсэн гавьяа зүтгэлийг хойч үед нь мөнхжүүлэх зорилготой гэж үзэж байна.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр сонгомол бөхийн медальтнууд тодорсон байна. Сонгомол бөхийн УАШТ-ийг олимпын зургаан жинд зохион байгуулсан бөгөөд нийт 90 орчим тамирчин өрсөлджээ. 60 кг-д М.Даваабанди, 87 кг-д Г.Төрболд нар хоёр дахь удаагаа улсын аваргын алтан медаль хүртсэн бол 67 кг-д Ц.Отгоннасан, 77 кг-д Б.Ууганбаяр, 97 кг-д Г.Ганхуяг, 130 кг-д Б.Намбардагва нар улсын аваргаас анхны түрүүгээ авчээ.
Багийн дүнгээр олон улсын хэмжээний мастер С.Мөнхсүх дасгалжуулагчтай “Цаст тайга” клуб 96 оноогоор тэргүүлсэн байна. Харин гавьяат тамирчин Г.Мандахнарангийн удирддаг “Алдар” спорт хороо, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн “Байдрагийн хүчтэн” дэвжээ удаалжээ.
Өнөөдөр тэмцээн чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжилж, эрэгтэйчүүдийн 57, 61, 65 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жинд медальтнууд тодрох юм. Энэ жилийн чөлөөт бөхийн улсын аваргад 250 орчим тамирчин хүч үзэж байгаа бөгөөд тэмцээн нь зөвхөн улсын аваргуудыг тодруулах төдийгүй Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн, түүнчлэн чөлөөт, сонгомол бөхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой гэж онцолж байна.




Бөхийн тэмцээн эхлэхээр үнэхээр сонирхолтой болдог шүү
Шинэ залуу бөхчүүдийг харах сайхан байна