Орхон аймгийн баяр наадамд хүчит 128 бөх зодоглосон бөгөөд барилдаан ширүүн өрсөлдөөнтэй болж өндөрлөжээ. Энэ жилийн наадмын түрүү бөхөөр Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Нэгдэл” клубийн бөх, чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер (ОУХМ), аймгийн заан Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ тодорч, аймгийн арслан цолны болзол хангалаа.
Барилдааны үзүүр түрүүг булаалдсан тулаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн начин Тайванбаатарын Мөнх-Ирээдүй барилдаж үзүүрлэн, аймгийн заан цол хүртжээ.
Шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдийн нэг нь мөн “Нэгдэл” клубийн төлөөлөл болж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, сумын заан Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ байсан бөгөөд тэрбээр аймгийн начин цолны болзол хангасан байна.
Орхон аймгийн наадмын барилдаан чөлөөт бөхийн болон үндэсний бөхийн туршлагатай, бэлтгэл сайтай залуусын ур чадварыг харуулсан, олон түмнийг баясгасан уран мэхтэй барилдаанууд болж өнгөрлөө.