Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 300 ортой хүүхдийн зуслангийн зураг төсөл боловсруулах тендерийг зарлалаа. Уг ажилд нийт 750 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд санхүүжилтийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргана.
Тендерийг наймдугаар сарын 12-нд албан ёсоор зарлаж, оролцогчид материалаа энэ сарын 28-ныг хүртэл ирүүлэх боломжтой.
Төсөлд тусгагдсан үндсэн мэдээлэл
- Байршил: Чингэлтэй дүүрэг, 24-р хороо, Майхан толгой 2-1
- Нийт газар: 40018.8 м² (нийт газрын 40%-д баригдана)
- Хүчин чадал: 300 ортой, жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах
- Зорилго: Хүүхэд хөгжлийн цогц хөтөлбөр хэрэгжүүлэх
Төсөл хэрэгжсэнээр орчин үеийн шаардлагад нийцсэн, бүх улиралд ашиглах боломжтой хүүхдийн зуслан Чингэлтэй дүүрэгт бий болох юм.