HomeОлон улсын мэдээЧехийн ойгоос 330 мянган долларын үнэ бүхий алтан эрдэнэс олджээ

Чехийн ойгоос 330 мянган долларын үнэ бүхий алтан эрдэнэс олджээ

Чех улсын нэгэн ойгоос аялагчид алтан зоос болон гоёл чимэглэл бүхий нуугдмал эрдэнэс олсон байна. Олдворын нийт жин 6.8 кг орчим ажээ.

Чехийн Крконоше уулархаг бүсэд аялж явсан хоёр жуулчин бараг зуун жилийн турш хадгалагдсан байж болзошгүй алтан зоос, үнэт эдлэлийн нуувчийг санамсаргүй байдлаар олсон тухай Popular Mechanics сэтгүүл мэдээллээ. Уг олдворыг 330 мянга гаруй ам.доллароор үнэлж байгаа ч түүний гарал үүсэл нууц хэвээр байна.

Жуулчид чулуун хананы завсарт нуусан хөнгөн цагаан лаазыг олж харснаар энэхүү түүх эхэлжээ. Лааз дотор даавуунд ороосон 598 ширхэг алтан зоосыг 11 багц болгон өрж хадгалсан байв. Эхний нуувчаас ердөө нэг метрийн зайд төмөр хайрцаг бүхий хоёр дахь нуувч байжээ. Тэнд 16 ширхэг тамхины хайрцаг, 10 бугуйвч, мөнгөн торон хэтэвч, энгэсгийн хайрцаг, сам, түлхүүртэй гинж зэрэг үнэт металл эдлэлүүд хадгалагдаж байсан байна. Нийтдээ жуулчид ойгоос 6.8 кг жинтэй үнэт ачаа гаргаж иржээ.

Зүүн Богемийн музейн мэргэжилтнүүд ийм төрлийн “депо” (depo – үнэт зүйл хадгалах зориулалттай нуувч) балар эртний үеэс бий болсныг тайлбарлав. Тус музейн Археологийн хэлтсийн дарга Мирослав Новакийн хэлснээр, ийм нуувчнууд анхандаа шашны утга агуулгатай байсан бол хожим нь дайн самуунтай, түгшүүртэй үед эд хөрөнгөө хамгаалж үлдэх зорилгоор ашиглагддаг болжээ. Мөн тэрээр энэхүү олдвор нь үнэт металлын хэмжээ маш их байгаагаараа ер бусын тохиолдол гэдгийг онцолсон байна.

Зооснуудыг судалж үзэхэд тэдгээрийг 1808-1915 оны хооронд цутгасан бөгөөд Франц, Турк, Бельги, Румын, Итали, Орос, Австри-Унгар зэрэг Европын өөр өөр орнуудынх болох нь тогтоогджээ. Австри-Унгарын зарим зоос 1930-аад оны үед ашиглагдаж байсан металлын бүтэцтэй байсан аж.

Ийм олон орны зоос холилдсон байгаа тул эзэмшигчийг нь тогтооход хүндрэлтэй байна. Эдгээр үнэт зүйлс Чех, Герман эсвэл Еврей хүнийх байсан эсэхийг музейнхэн одоогоор хэлж мэдэхгүй байгаа юм. Судлаачид уг эрдэнэсийг нацистууд тус бүс нутгийг эзлэн түрэмгийлэх үед дүрвэсэн хүмүүс эсвэл хожим нь хөөгдөхөөс эмээсэн Германчууд нуусан байж болзошгүй гэх хувилбарыг дэвшүүлж байна.

Музейн зүгээс уг олдворыг мөнгөн дүнгээр 330 мянган доллароор үнэлж байгаа ч түүхэн ач холбогдлыг нь “хэмжшгүй” гэж үзэж байна. Олдворыг музейд авчирч өгсөн жуулчдад хуулийн дагуу 10 хувийн шагнал олгосны дараа уг цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд