Чех Улсын 17 хүртэлх насны хөлбөмбөгийн шигшээ багт Монгол гаралтай тоглогч Б.Чингүүн анх удаа дуудагдлаа. Тэрбээр Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй клубүүдийн нэг болох “AC Sparta Prague” багийн 19 хүртэлх насны академид тоглож, довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалаар тоглодог.
2009 онд төрсөн, 16 настай Б.Чингүүн ирэх 11 сарын 13, 16-нд Испанийн 17 хүртэлх насны шигшээ багтай хийх найрсаг тоглолтуудад оролцохоор болжээ. Тэрээр энэ улиралд “AC Sparta Prague” клубийн академийн 19 хүртэлх насны лигт найман тоглолтод оролцоод байна.
Б.Чингүүн өмнө нь Монголын 15 хүртэлх насны шигшээ багт 2023 онд зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд дуудагдаж, Хятадын Макаогийн эсрэг гоол оруулж байсан нь түүний олон улсын анхны амжилтуудын нэг юм.
