Уэльсийн Кардифф хотын оршин суугч Фиби Тесорьер олон жилийн турш биеийн байдал нь муудаж буйн жинхэнэ шалтгааныг ChatGPT чатботын тусламжтайгаар олж мэдсэн байна. Үүнээс өмнө эмч нар түүний шинж тэмдгийг “сэтгэл түгшүүрийн эмгэг” хэмээн тайлбарлаж, буруу оношилсоор ирсэн тухай Daily Star мэдээллээ.
Фибигийн бие огцом муудаж, хөл нь хөших, булчин сулрах, үс унах зэрэг зовуурь илэрч эхэлсэн тул тэрээр хиймэл оюун ухаанаас тусламж хүсжээ. Тэрээр өөрт илэрч буй бүх шинж тэмдгүүдээ ChatGPT-д оруулсны дараа тус систем нь түүнийг “Удамшлын спастик параплеги” (Hereditary Spastic Paraplegia) хэмээх ховор төрлийн удамшлын өвчин байж магадгүй гэх таамгийг дэвшүүлсэн байна.
Бүсгүй хиймэл оюун ухааны өгсөн мэдээлэлд үндэслэн нарийн мэргэжлийн эмчид хандаж, генетикийн шинжилгээ өгөхөөр шийджээ. Шинжилгээний хариу ч ChatGPT-ийн гаргасан таамгийг баталж, Фибид уг өвчний хамгийн ховор буюу дөрвөн мөчний булчинг аажмаар гэмтээдэг “квадриплегик” хэлбэр оношлогдсон байна.
Өмнө нь дөрвөн жилийн турш эмч нар түүнд сэтгэл түгшүүрийн эмгэгээс гадна “Тоддын саажилт” (Todd’s paralysis – таталтын дараа мөч түр зуур мэдээгүй болох) гэсэн буруу онош тавьж байжээ. “Энэ бол миний хувьд баяртай боловч гунигтай мөч байсан. Нэг талаас би яг юу болоод байгааг олж мэдсэндээ баярласан ч нөгөө талаас энэ онош миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн” гэж Фиби ярьжээ.
Өвчин даамжирсаар байгаа тул одоогоор бүсгүйн зөвхөн хөл гэлтгүй гар нь ч хөдөлгөөнгүй болж эхэлжээ. Үүнээс болоод тэрээр тусгай хэрэгцээт хүүхдүүдийн багшийн ажлаа орхиход хүрсэн байна. Одоо түүний эгч 32 настай Ясмин нь дүүгийнхээ нурууг дэмжих, бие даан хөдөлгөхөд туслах зориулалтын тусгай тэргэнцэр авахаар хандив цуглуулж эхлээд байгаа ажээ.
