Монгол Улс Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар 2021 онд Чингис хаан олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулсан. Японтой байгуулсан концессын гэрээний дагуу уг нисэх буудлын менежментийг 15 жилийн хугацаанд Японы тал хариуцахаар тохиролцсон юм. Шинэ нисэх буудал ажиллаж эхэлснээр хуучин Буянт-Ухаа нисэх буудлын хувь заяа тодорхойгүй болсон. Одоогоор Засгийн газрын 455-р тогтоолын дагуу Буянт-Ухаа нисэх буудлыг дараах зорилгоор ашиглаж байна:
- Хувийн онгоцны нислэг
- Сургалт, дадлагын нислэг
- МИАТ болон бусад агаарын тээвэрлэгчдийн онгоцны засвар үйлчилгээ
- ОБЕГ-ын аврах багийн нислэг
- Батлан хамгаалахын чиглэлийн зарим нислэг
Орон нутгийн нислэгийн боломж
Чингис хаан олон улсын нисэх буудлын ачаалал хэт өндөр болж, хүчин чадал нь хүрэлцэхгүй тохиолдолд Буянт-Ухаа нисэх буудлыг орон нутгийн нислэг хүлээн авахад ашиглах саналыг Японы талд тавьжээ. Энэ талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ: “Хуучин нисэх буудал буюу Буянт-Ухаа дээр завсар хийж байна. Өнөөдрийн байдлаар төрийн айлчлалын, тусгай гийчний онгоц, хувийн захиалгат онгоцууд хөөрч, буух байдлаар ашиглаж байна. Ер нь Чингис хаан олон улсын нисэх буудлыг бариулахдаа Япон улстай хийсэн гэрээний дагуу 100 км-ийн радиус дотор ижил төрлийн бизнес эрхлэхгүй байх нөхцөлтэй. Миний бие Чингис хаан нисэх буудлыг өргөтгөх асуудлаар Японы талтай уулзалтууд хийсэн. Жайка болон Японы Элчин сайдын яам, мөн зураг төслийг нь хийсэн Оринтал компани гээд гурван талын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Шинэ нисэх буудлын өргөтгөлийг 2026 онд хийнэ.”
Нислэгийн ачаалал ба ирээдүйн төлөвлөгөө
Одоогийн байдлаар Монгол Улс өдөрт 70-80 нислэг хүлээн авч байна. Цаашид нислэгийн тоо өсвөл Чингис хаан олон улсын нисэх буудлын хүчин чадал хүрэлцэхгүй байдал үүсч болзошгүй. Ийм нөхцөлд Буянт-Ухаа нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглахыг “давагдашгүй хүчин зүйл” гэж үзэн, гэрээний хязгаарлалтыг тойрон гарах боломжийг судалж байна. Энэ саналыг Японы талд албан ёсоор тавьсан бөгөөд хэлэлцээрийн явцад шийдвэр гарна гэж Зам, тээврийн сайд онцолжээ.