Бурхан багш эх болсон ачлалынхаа хариуг барахуйд зориулсан дүйчэн өдөр энэ сарын 11-нд тохиох гэж байна. Намрын адаг сарын 22-нд болдог энэ өдөр нь жил бүрийн дөрвөн дүйчэн өдрийн нэг бөгөөд олон зуун жилийн турш бурхны шашинт орнуудад өргөн дэлгэр тэмдэглэгдсээр иржээ.
Эртний сурвалж, намтар сударт бичсэнээр Бурхан багш зургаан зуун тэнгэрийн дунд орших 33 тэнгэрийн оронд ээжийнхээ төлөө залран очиж, гурван сар дараалан ном айлджээ. Тэрээр ээжийгээ дээдийн номын хүчээр нирвааны хутгийг хүртгэн, эл ачит буяны аяллаа дуусгаад намрын адаг сарын 22-нд Замбуутивт эргэн залран ирсэн тухай тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ үйл явдал нь Бурхан багшийн арван хоёр их зохионгуйн нэг гэж үздэг.
Энэ өдөр дараахийг үйлдэхийг сүсэгтнүүд чухалчилдаг:
- Эцэг эхийн ач, эрдмийг санах
- Сайн үйлс, ариун үйлд шамдах
- Хилэнц нүглийг тэвчиж, буян номын замд хөтлөгдөх
- Ээж, аавдаа баяр хүргэх, тэдэнд өгөхийн сэтгэл гаргах
- Тэнгэрт хальсан эцэг эхийнхээ буянд зориулан залбирч, хойдын буянд хичээх
Энэ өдөр МБШТ–Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж сүсэгтэн олон түмэнд “Насны авшиг” хайрлана. Насны авшиг нь хүний хийморь сүлдийг тэтгэж, сайн заяа, амгалан тайвны ерөөл талбих чухал үйлийн нэг юм.
