Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн зуны тэргүүн сарын цагаагчин могой сарын шинийн 9-ний өдөр, хөх луу өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын уламжлалт ёслолыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Агуйт ууланд зохион байгууллаа.
Тайлгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ, төрийн цэргийн байгууллагууд, хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцсон юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын дарга нар Их хар сүлдийг өмнө, дорно, өрнө, умрын дөрвөн зүгийн элч сүлдийн хамтаар Агуйт уулын оргилд байрлуулан, тусгайлан зассан суудалд залж, ёслолын журмын дагуу цэнгүүлэн тайвшруулах тайлгын үйл ажиллагааг үйлджээ.
Тус ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар зарлигаар батлагдсан журмын дагуу Төрийн хонжин удирдан гүйцэтгэсэн байна.
Монгол Улсын төр, цэргийн сүр хүчний бэлгэ тэмдэг болсон Бүх цэргийн Их хар сүлд нь цэрэг армийн эр зориг, хүч чадал, үнэнч сэтгэлийн илэрхийлэл бөгөөд энэхүү тайлгын ёслол нь цэрэг эрсийн дайчин чанарыг илтгэх, тэдний сэтгэл зүрхийг нэгтгэх гүн хүндэтгэлтэй үйл ажиллагаа болдог.
Их хар сүлдийн тайлга нь хоёр хэлбэртэй:
- Цэнгүүлэх тайлга — хоёр жилд нэг удаа
- Цагаалах тайлга — жил бүрийн тогтсон хугацаанд
Ёслол болсон Агуйт уул нь түүхэн чухал газар бөгөөд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсныг түүхэнд тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн уг газар Их хааны ташуур олдож байсан түүхтэй. Агуйт уул нь Баянзүрх хайрханы салбар уулс юм.
Үнэхээр сэтгэл хөдөлгөм арга хэмжээ болсон байна. Бүх цэрэгт талархаж байна
Ийм ёслолууд залуусыг эх оронч болгоход их хэрэгтэй гэж бодож байна