Дэлхий дахины шүтээнүүд эргэн ирж байна
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг зургаан жилийн завсарлагын дараа шинэ цомгоо гаргаж, дэлхийг тойрон аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар “Bloomberg” агентлаг мэдээллээ.
Тус мэдээлэлд дурдсанаар, BTS хамтлаг “Hybe” компанитай хамтран 2026 оны гуравдугаар сарын сүүлээр шинэ цомгоо гаргах бэлтгэлээ базааж байгаа аж. Энэ нь 2020 онд гаргасан “BE” цомгоос хойших анхны бүрэн хэмжээний цомог болох юм.
Дэлхийг тойрсон томоохон аялан тоглолт хүлээгдэж байна
Шинэ цомгоо гаргасны дараа BTS 2019 оноос хойш анх удаа дэлхийн хэмжээний аялан тоглолтоо эхлүүлэх бөгөөд 65 тоглолт хийхээс 30 гаруйг нь Хойд Америкт толилуулах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч “Big Hit Music” лейблийн зүгээс “аялан тоглолтын эцсийн тов хараахан батлагдаагүй, хэлэлцээ үргэлжилж байна” хэмээн мэдээлжээ.
2013 онд байгуулагдсан BTS хамтлаг нь дэлхий даяар асар их нэр хүндтэй бөгөөд “Circle Chart”-ын мэдээлснээр 2024 он хүртэл нийт 40 сая гаруй бичлэг борлуулсан байна. 2020 онд гарсан “BE” цомог нь Billboard 200 чартыг тэргүүлж, тухайн оны онлайн тоглолт нь 765 мянган үзэгчтэйгээр Гиннесийн дээд амжилт тогтоож байв.
2022 онд хамтлагийн гишүүд цэргийн албанд ээлжлэн мордож, урлагийн замналаа түр завсарлуулсан ч “бүрэн төлөвшиж эргэн ирнэ” гэж амлаж байсан. Харин хамгийн сүүлд цэргийн албанд татагдсан гишүүн Мин Юн Ги (Suga) 2025 оны зургадугаар сард халагдсанаар хамтлагийн бүх гишүүд эргэн нэгдээд байна.
Ингэснээр BTS хамтлаг 2025 оны долдугаар сараас шинэ цомгийн ажлаа албан ёсоор эхлүүлж, дэлхий дахины хөгжмийн ертөнцөд дахин хүчтэй эргэн ирэх нь тодорхой болж байна.

Огоо! Шинэ цомог гаргах гэж байна гэжүү — үнэхээр их хүлээлттэй байна
Зургаан жилийн дараа гэдэг нь жинхэнэ шинэ эхлэл мэт санагдаж байна, амжилт хүсэе