Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны 8-р сарын 6-нд болж, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, төр, шашныг хослон баригч Богд хаан Жавзандамба хутагтын ордон, өргөө нь Монгол төрийн түүх, соёлын үнэт өв, Улаанбаатар хотын хотжилтын түүхийн салшгүй хэсэг гэж үздэг.
Энэ шалтгаанаар Богд хааны ордныг төрийн хамгаалалтад авах зорилгоор Сайд нарын Зөвлөлийн тогтоолыг 1961, 1971 онд гаргасан байдаг. Гэвч Богд хааны зуны ордны залгаа газрыг 2007 онд иргэнд өмчлүүлсэн бөгөөд одоо тэнд барилга байгууламж барьж байгаа нь төрөөс түүх, соёлын өвийг хамгаалах үүргээ биелүүлээгүйг илтгэж байна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар дүгнэжээ. Иймээс түүх, соёлын дурсгалт газрын унаган төрх, язгуур соёлын үнэт шинж чанарыг алдагдуулахгүйгээр хадгалан хамгаалах, хойч үед өвлүүлэн үлдээх шаардлагыг харгалзан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгаврыг өгсөн байна.
- Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх 700 м2 газар /Богд хааны Хүрэн ордны хажуу талын/-ыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, хууль зөрчсөн албан тушаалтныг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, учруулсан хохирлыг нэхэмжлэх, үр дүнг энэ сард багтаан Засгийн газарт танилцуулах,
- Иргэнд өмчлүүлсэн шийдвэр холбогдох хууль тогтоомжийн дагуу эсэхийг шалгах хугацаанд уг газарт барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасны дагуу түдгэлзүүлэх,
- Богд хааны зуны ордныг улсын хамгаалалтын зэрэглэлд оруулах асуудлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д заасны дагуу Засгийн газраар шийдвэрлүүлэх,
- Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасны дагуу Богд хааны Хүрэн ордны барилга, архитектурын дурсгалын харагдах сүр барааг хадгалах зорилгоор түүний эргэн тойронд шинээр барих барилга байгууламжид өндрийн хязгаар тогтоох,
- Устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээний төлөвлөгөө, түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон дурсгалт газруудад хамгаалалтын бүс бүрэн тогтоосон эсэхийг нягтлан шалгаж, хамгаалалтын бүсийг гүйцээн тогтоохыг тус тус үүрэг болголоо.