БНСУ-ын төрийн эрхийг барьж байхдаа буюу 2024 оны 12-р сард улс орондоо цэргийн онц байдал зарлаж, иргэний дайн дэгдээх хэмжээний үймээн үүсгэсэн Юн Сок Ёлын шүүх хурал олны анхаарлын төвд байна. Тухайн үед тэрээр энэхүү шийдвэрээ “Умард Солонгост талтай, ард түмний эрх ашгийг хохироохыг завдсан төрийн эсрэг хүчнээс хамгаалах алхам” хэмээн зөвтгөж байсан юм. Гэвч прокурорын тусгай хэсэг түүнийг Үндсэн хууль зөрчиж, төрийн эргэлт хийхийг оролдсон хэмээн үзэж, дээд хэмжээ буюу цаазын ял оноох санал гаргажээ.
Шүүх хурлын үеэр яллагч тал Юн Сок Ёлыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, Шүүх болон хууль тогтоох байгууллагуудыг хяналтандаа авахыг завдсан хэмээн буруутгав. Түүнчлэн түүнийг Ерөнхийлөгчийн өргөөг бэхлэлт болгон хувиргаж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, мөн Умард Солонгосыг өдөөн хатгах замаар цэргийн мөргөлдөөн үүсгэж, түүнийгээ онц байдал зарлах шалтаг болгосон гэж үзсэн байна. Шүүхээс эцсийн шийдвэрийг ирэх хоёрдугаар сарын 19-ний өдөр зарлах хуваарьтай байна.
Юн Сок Ёлын намтар болон залуу нас
Юн Сок Ёл 1960 онд Сөүл хотод сэхээтний гэр бүлд мэндэлсэн бөгөөд Сөүлийн үндэсний их сургуульд хуулийн чиглэлээр суралцсан юм. Оюутан байхдаа тэрээр дарангуйлагч Чон Ду Хваны эсрэг тэмцэлд идэвхтэй оролцож, жүжигчилсэн шүүх хурлын үеэр Ерөнхийлөгчийг яллагчаар ажиллан цаазын ял “оноож” байсан түүхтэй. Энэхүү улс төрийн идэвхтэй үйлдлээсээ болон тэрээр хөдөө орон нутагт нуугдахаас өөр аргагүй болж, өмгөөлөгчийн шалгалтаа өгөхөөр бараг 10 жил хүлээсэн гэдэг.
Авлигын эсрэг тэмцэгчээс Ерөнхий прокурор хүртэл
Түүний карьер 1994 оноос Тэгү хотод өмгөөлөгчөөр ажиллаж эхэлснээр өрнөсөн ч удалгүй Прокурорын байгууллагад орж, авлигын томоохон хэргүүдийг илрүүлж эхэлсэн. Тэрээр Солонгосын эдийн засгийн “акулууд” болох Hyundai болон Samsung-ийн удирдлагуудыг шалгаж, бүр Ерөнхийлөгч Пак Кын Хе-г суудлаас нь огцруулах мөрдөн шалгах ажиллагааг амжилттай удирдаж байсан юм.
Юн Сок Ёлын замналын гол үе шатууд:
- 1994-2016 он: Авлигатай тэмцэх онцгой хэлтсүүдэд ажиллаж, томоохон корпорациудын хууль бус үйлдлийг илрүүлсэн.
- 2019 он: БНСУ-ын Ерөнхий прокуророор томилогдсон боловч удалгүй эрх баригч Ардчилсан намынхантай зөрчилдөж эхэлсэн.
- 2022 он: Ерөнхийлөгчийн сонгуульд 47.85 хувийн саналаар ялалт байгуулж, Төрийн тэргүүн болов.
Ерөнхийлөгчийн бүрэн эрх ба гэр бүлийн дуулиан
Түүний засаглалын жилүүдэд хоёр Солонгосын харилцаа туйлын тогтворгүй болж, АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтууд эрс нэмэгдсэн нь сөрөг хүчнийхний зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулсан. Үүнээс гадна түүний эхнэр Ким Кон Хи Dior брэндийн үнэтэй цүнх бэлгэнд авсан болон хувьцааны будлианд нэр холбогдсон нь Юны нэр хүндэд хүндээр туссан юм. 2024 оны 11-р сард тэрээр телевизээр дамжуулан эхнэрийнхээ өмнөөс олон нийтээс уучлалт гуйсан боловч энэ нь шүүмжлэлийг намжааж чадаагүй.
“Хөх ордон”-ы хараал түүнийг дайрлаа
Өмнөд Солонгосын улс төрд Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс бүрэн эрхийнхээ дараа шүүхэд дуудагддаг “хараал” байдаг нь нууц биш. Өмнөх Төрийн тэргүүнүүдийн дийлэнх нь авлигын хэргээр ял авч, зарим нь амиа хорлох сонголт хийж байсан түүхтэй. Хэрэв шүүх прокурорын саналыг хүлээн авбал Юн Сок Ёл Өмнөд Солонгосын түүхэн дэх цаазын ял сонссон анхны Ерөнхийлөгч болох эрсдэлтэй байна.
