АНУ-ын Үндэсний сансрын агентлаг NASA-д 2025 онд нийт 4000 орчим ажилтан сайн дураараа ажлаасаа гарах өргөдөл гаргасан талаар Bloomberg мэдээллээ. Энэ нь төсвийн хасалтын хоёр дахь давалгааны хүрээнд болсон бөгөөд зөвхөн хоёрдугаар шатны хугацаанд 3000 хүн өргөдөл өгсөн бол эхний шатанд 870 ажилтан хамрагдаж байв.
Эдгээр тоо нь NASA-ийн нийт хүний нөөцийн 20 хувьд хүрч байгаа юм. Уг сайн дурын хөтөлбөрийг анх 1-р сард Трампын засаг захиргаа эхлүүлсэн бөгөөд ажилтнуудыг сайн дураараа гарахыг уриалсан ч цалин, хангамжийг нь тодорхой хугацаанд олгож байгаа юм. Хөтөлбөрийг DOGE-гийн оролцоотойгоор боловсруулсан бөгөөд тухайн үед Элон Маск удирдаж байжээ.
Bloomberg-ийн мэдээлснээр, энэ хандлага нь агентлагийн санхүүгийн байдалтай холбоотой бөгөөд ирээдүйн шинжлэх ухааны болон сансрын аюулгүй байдлын хөтөлбөрүүдэд ноцтой нөлөө үзүүлж болзошгүй аж.
Мөн Politico-ийн мэдээлснээр, 7-р сарын эхээр 2000 гаруй өндөр албан тушаалтан NASA-г орхихоор шийдээд байгаа ба энэ нь шинжлэх ухааны хүрээлэл дунд сэтгэл түгшээж буй асуудал болж байна.
7-р сарын 21-нд одоогийн болон өмнөх ажилтнууд NASA-ийн түр захирал Шон Даффид хандан нээлттэй захидал илгээж, “төрийн мөнгөний үр ашиггүй зарцуулалт, иргэдийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал, агентлагийн эрхэм зорилгод сөргөөр нөлөөлөх хасалтыг зогсоох”-ыг уриалжээ.