Хятадын чинээлэг иргэд Зимбабвегийн нийслэл Хараре хотын тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийг идэвхтэй худалдан авч, тус хотыг хөрөнгө оруулалтын шинэ “соронзон” болгон хувиргаж байна гэж Bloomberg агентлаг мэдээллээ.
Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын мэдээлснээр, Хайлендс болон Борроудейл-Брук зэрэг нэр хүндтэй дүүргүүдэд 500 мянгаас 2 сая ам.долларын үнэтэй байшингийн эрэлт огцом өсжээ. Эрэлт их байгаа тул агентлагууд хятад хэлтэй ажилтан авч ажиллуулах болсон байна. Гэрээ хэлцлүүд ихэвчлэн бэлэн мөнгөөр хийгдэж байгаа нь худалдан авагчдад үнэ тохиролцох давуу тал олгохын зэрэгцээ валютын хатуу хяналтыг алгасах боломжийг бүрдүүлж байгаа аж.
Бусад хөгжиж буй орнуудад ихэвчлэн бага орлоготой ажилчид очдог бол Зимбабве руу хятадын чинээлэг давхарга буюу уул уурхай, өндөр ашигтай салбарын топ менежерүүд, бизнес эрхлэгчид хошуурч байгааг тус агентлаг онцолжээ.
Хятадын компаниуд тус улсын литийн олборлолтыг хэдийнэ атгаж, эрчим хүч, банк, дэд бүтцийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулж байна. Үүнийг дагаад Хараре хотод хятад ресторанууд, худалдааны төвүүд болон казинонууд олноор бий болж эхэлжээ.
Гэвч элит дүүргийн хуучин оршин суугчид шинэ эзэд түүхэн байшингуудыг барилгын дүрэм журам үл харгалзан эрс өөрчилж байгаад дургүйцлээ илэрхийлж байна. Гэсэн хэдий ч шинжээчид баян хятадуудын энэхүү урсгалыг Зимбабвегийн хувьд эерэг үзэгдэл гэж харж байгаа юм. Өрийн асуудал болон өмнөх гиперинфляциас (хэт өндөр инфляци) болж барууны хөрөнгө оруулалт зогссон энэ үед тэд тус улсад хөрөнгө оруулж байна.
