Өнөөдөр Улаанбаатар хотод цахим спортын “Counter Strike 2” тоглоомын гуравдугаар зэрэглэлийн BLAST Asia Risings Ulaanbaatar 2025 тэмцээн албан ёсоор эхэллээ. Энэхүү тэмцээн нь нугалааны системээр явагдаж, нийт найман баг оролцож байна. Тэмцээний аварга баг 70,000 ам.долларын шагналын сантай BLAST Open Fall 2025 тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрхийг авах юм.
Монгол Улсаас Chinggis Warriors, The Huns Esports, Eruption гэсэн гурван баг өрсөлдөж байгаа бол Хятадаас FengDa Gaming, Австралиас FlyQuest, SemperFi Esports, Ground Zero, Индонезоос Alter Ego баг оролцож байна. Анх тэмцээнд оролцохоор төлөвлөгдөж байсан Хятадын Lynn Vision баг тоглогчийн бэртлийн улмаас оролцож амжаагүй юм.
Одоогийн байдлаар Монголын The Huns Esports баг Хятадын FengDa Gaming багтай “Bo3” буюу гурван “map”-аар тоглогдож, ялагч нь шөвгийн дөрөвт үлдэх бол хожигдсон нь тэмцээнээс хасагдана. Үүний дараа Австралийн SemperFi Esports баг Монголын Eruption багтай тулалдахаар хуваарьт орсон байна.
Аваргын тоглолт энэ долоо хоногийн Ням гарагт 17:00 цагаас MBank Arena-д “Bo3” дүрмийн дагуу зохион байгуулагдана.
