Домогт хард-рок, хеви-метал хөгжмийн урсгалыг үндэслэгчдийн нэг, Black Sabbath хамтлагийн хамтран үүсгэн байгуулагч Оззи Осборн 77 насандаа таалал төгслөө. Тэрээр нас барахаасаа хоёр долоо хоногийн өмнө салах ёсны тоглолтоо хийсэн юм.
Түүний гэр бүлийн мэдэгдэлд: “Хэлэхийн аргагүй уй гашууд автсан бид хайртай Оззи Осборн маань өнөө өглөө гэр бүлийнхнийхээ дунд, хайранд умбан таалал төгслөө” хэмээн Sky News дамжуулсан бөгөөд энэхүү мэдэгдлийг түүний эхнэр Шэрон, хүүхдүүд болох Келли, Эми, Жек, Луис нар гарын үсэг зуржээ.
Нас барсан шалтгааныг нээлттэй мэдээлээгүй боловч Осборн сүүлийн жилүүдэд Паркинсоны өвчин болон нугасны гэмтэлтэй байсан бөгөөд үүний улмаас тэрээр алхах чадвараа алдаад байв.
Домог болсон амьдрал
Жон Майкл “Оззи” Осборн нь 1948 онд Английн Бирмингем хотод төрсөн. Тэрээр 15 настайдаа сургуулиа орхиж, цагийн ажлууд хийж, дэлгүүр дээрэмдсэн хэргээр хэдэн сар шоронгийн ял эдэлж байв.
Тэрээр бага насны найз Гизер Батлер-тайгаа хамт хэд хэдэн хамтлагт тоглож байсан бөгөөд 1968 онд хамтран Black Sabbath-ийг байгуулжээ. Энэхүү хамтлаг нь дэлхий даяар 75 сая гаруй цомог борлуулсан бөгөөд “Iron Man”, “Paranoid” зэрэг бүтээлүүд, мөн түүний ганцаарчилсан “Crazy Train” зэрэг дуу нь радио, тайзны хитүүд болон үлдсэн юм.
Реалити шоуны од
Осборн нь мөн 2002 онд “The Osbournes” нэртэй MTV-ийн реалити шоугаар телевизийн салбарт хувьсал хийж, гэр бүлийнхээ амьдралыг олон нийтэд дэлгэн харуулсан анхны алдартнуудын нэг болсон юм. Энэхүү шоу нь тухайн үедээ MTV-ийн хамгийн их үзэлттэй нэвтрүүлэг байв.
Түүхэн төгсгөл
2025 оны 7-р сарын 5-нд, төрсөн нутаг Бирмингемийн “Villa Park” цэнгэлдэх хүрээлэнд тэрээр сүүлчийн тоглолтоо 45,000 үзэгчийн өмнө хийв. Энэхүү тоглолтод 20 жилийн дараа Black Sabbath-ийн анхны бүрэлдэхүүн дахин нэгджээ. Мөн Metallica, Slayer, Pantera, Alice in Chains, Anthrax, Mastodon, Том Морелло, Стивен Тайлер зэрэг домогт хамтлаг, уран бүтээлчид оролцсон юм.