Жеффри Эпштиний хэрэг олон улсын анхаарлын төвд хэвээр байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулсан, хар тамхи болон аллагатай холбоотой гэх олон ноцтой хэрэгт нэр холбогдож байсан тэрбээр шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө хорих ангид амиа хорлосон ч түүний хэрэг бүрэн хаагдаагүй хэвээр байгаа юм. Шинээр ил болж буй баримтуудын улмаас энэ дуулиан дэлхийн олон орны улс төр, бизнесийн хүрээг дахин хөдөлгөөнд оруулсаар байна.
Энэ хүрээнд “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс Жеффри Эпштинтэй ямар холбоотой байсан талаараа зургаадугаар сарын 10-нд Конгресст мэдүүлэг өгөхөөр болжээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд түүнээс Эпштинтэй холбоотой харилцааныхаа талаар албан ёсоор тайлбар гаргахыг шаардсан бөгөөд Гейтсийн талаас төлөөлөгчөөрөө дамжуулан “Конгрессын Тусгай хорооны гишүүдийн асуултад баяртайгаар хариулж, тэдний маш чухал ажилд туслах болно” гэж мэдэгдсэн байна.
Эпштиний хэргийн хохирогчид Билл Гейтсийн эсрэг гомдол гаргаагүй ч түүний нэр Эпштиний файлд олон давтамжтай дурдагддаг аж. Гейтс өмнө нь Эпштинтэй хэсэг хугацаанд нөхөрлөж байснаа хүлээн зөвшөөрсөн ч түүнд холбогдох гэмт хэргүүдийн талаар огт мэдээгүй гэж тайлбарлаж ирсэн. Харин одоо тэрбээр энэ асуудлаар Конгресст албан ёсоор мэдүүлэг өгөх шатанд хүрээд байна.

“Wall Street Journal” сонинд мэдээлснээр Гейтс нэгэн үед компанийнхаа ажилтнуудад энэ талаар ярихдаа “Би хоёр орос эмэгтэйтэй дотно харилцаатай байсан. Харин Эпштин энэ талаар мэдээд намайг сүрдүүлэхийг оролдсон. Би түүний арал дээр очиж байгаагүй” гэж тайлбарласан гэнэ. Мөн тэрбээр Австралийн “9News” телевизэд өгсөн ярилцлагадаа “Би Эпштинтэй хамт өнгөрүүлсэн минут бүртээ харамсаж байна. Уучлал гуйя” хэмээн хэлж байжээ.
Эпштиний хэрэгтэй холбоотойгоор ойрын хугацаанд АНУ-ын Худалдааны сайд Говард Лютник, Ерөнхий прокурор асан Пэм Бонди нар мөн Конгресст мэдүүлэг өгөхөөр болсон байна. Ийнхүү энэ хэрэгт холбогдсон, эсвэл нэр дурдагдсан нөлөө бүхий хүмүүсийн тайлбар мэдүүлэг үргэлжилсээр байгаа нь дуулианы хүрээ хумигдахгүй байгааг харуулж байна.
