2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралт энэ сарын 31-нөөс буюу Баасан гарагт эхэлнэ. Энэ үеэр Ерөнхий боловсролын сургуулиуд “бие даалтын долоо хоног”-ийг хэрэгжүүлэх бөгөөд нийслэл болон орон нутгийн бүх сурагч хамрагдах юм.
“Бие даалтын долоо хоног”-ийн онцлог нь сурагчид танхимын сургалтад суухгүй бөгөөд:
- Музей, үзэсгэлэн, спорт, урлагийн арга хэмжээнд оролцох,
- Сонирхлын дагуу судалгааны ажил, бүтээл туурвих,
- Сургуулиас гаргасан бүтээлч бодлогын хүрээнд багийн хэлбэрээр судлагдахууны даалгавар гүйцэтгэх боломжтой.
Боловсролын ерөнхий газраас гаргасан 2023 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 01/3576 тоот зөвлөмжид зааснаар, сурагчдын нас, ангийн түвшинд тохируулан бие даан гүйцэтгэх ажлын ачааллыг тодорхойлжээ:
- Бага анги: өдөрт 15-20 минут,
- Дунд, ахлах анги: өдөрт 30-40 минут хүртэл хугацаанд бие даалтаар хичээллэнэ.
Харин зарим хувийн хэвшлийн сургуулиуд энэхүү долоо хоногийг танхимын бүтэн сургалтаар нөхөж хичээллэх шийдвэр гаргасан тухайгаа эцэг, эхчүүдэд мэдээлсэн байна.
Бие даалтын долоо хоног нь сурагчийн өөрийгөө илэрхийлэх чадвар, бүтээлч сэтгэлгээ, нийгмийн оролцоог дэмжих зорилготой тул сургуулиудын зүгээс агуулга, арга зүйг уян хатан байдлаар зохион байгуулах чиглэл баримталж байгаа аж.