2025 оны долоодугаар сарын 7-16-ны хооронд Монгол орны ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна. Аадар бороо, дуу цахилгаантай, мөндөр, ширүүн салхи зэрэг цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөс сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Иргэд баяр наадмын үеэр гадаа үйл ажиллагаанд оролцохдоо цаг агаарын мэдээллийг тогтмол хянах шаардлагатай.
Бороо орох нутгийн тойм
- 7-ны өдөр – Баруун аймгуудын зүүн хэсэг, төв, говь болон зүүн нутгийн зарим газраар
- 8-ны өдөр – Баруун болон төвийн нутгийн ихэнх хэсэг, говь болон зүүн нутгийн зарим газар
- 9-ний өдөр – Баруун, төв, говийн зарим нутгаар, зүүн аймгуудын ихэнх хэсгээр
- 10-ны өдөр – Нутгийн хойд хэсгээр
- 11-ний өдөр – Төв болон говийн зүүн хэсэг, зүүн нутгийн зарим хэсгээр
- 12-ны өдөр – Баруун нутгийн ихэнх газар
- 13-ны өдөр – Баруун нутгийн зүүн хэсэг, төвийн ихэнх хэсэг, говийн баруун нутгаар
- 14-ний өдөр – Төв болон зүүн нутгийн зарим хэсгээр
- 15-ны өдөр – Халх голын сав газраар бороо орно
Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх магадлалтай бөгөөд нийт хугацаанд салхины хурд секундэд 5–10 метр байх төлөвтэй.
Температурын хувьд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон гол мөрний хөндийгөөр шөнөдөө 8–13 хэм, өдөртөө 22–27 хэм дулаан байна. Говийн бүс нутгаар шөнөдөө 18–23 хэм, өдөртөө 34–39 хэм хүрч хална. Бусад нутгаар шөнөдөө 13–18 хэм, өдөртөө 25–30 хэмийн дулаан үргэлжилнэ. Харин 9, 10, 13-ны өдрүүдэд хойд нутгаар бага зэрэг сэрүүсэх төлөвтэй.
Улаанбаатар хотын 10 хоногийн цаг агаар
Долоодугаар сарын 8, 13-нд бороо орно. 9, 10, 11-нд бага зэргийн бороо орох бөгөөд дуу цахилгаантай байна. Салхины хурд ихэнх хугацаанд секундэд 5–10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 9, 10-нд шөнөдөө 9–14 хэм, өдөртөө 21–26 хэм дулаан байх бол бусад өдрүүдэд шөнөдөө 12–17 хэм, өдөртөө 26–31 хэм дулаан байна.
Цаг агаарын ийм нөхцөлд иргэд аялал, наадам, задгай талбайн арга хэмжээг төлөвлөхдөө сэрэмжтэй байж, гэнэтийн бороо, салхинд бэлтгэлтэй байхыг холбогдох байгууллагууд уриалж байна.