Бямба, 4 сар 19, 2025
HomeОсол хэрэгБаруун бүсийн нутгаар хүчтэй шуурга дэгдэж, гамшгийн хэмжээнд хүрлээ

Баруун бүсийн нутгаар хүчтэй шуурга дэгдэж, гамшгийн хэмжээнд хүрлээ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний 11:00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Бугат суманд салхи түр зуур 37 м/с хүрч, гамшгийн хэмжээнд хүрсэн хүчтэй салхи бүртгэгджээ. Цаг уурын байгууллагын мэдээлснээр баруун бүсийн зургаан аймгийн нутгаар аюултай цаг агаарын үзэгдэл ажиглагдаж, шуурганы нөхцөл байдал эрс нэмэгдэж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Цаг уурын байгууллагын хэмжилтээр баруун бүсийн нутгаар салхины дундаж хурд 9-14 м/с байгаа бол зарим газраар 20-37 м/с хүрч, цаг уурын гамшигт үзэгдлийн ангилалд орж буйг онцолжээ.

Цасан болон шороон шуурганы голомтууд:

  • Завхан, Увсын өмнөд хэсэг — цасан шуурга
  • Ховд, Дундговь, Өмнөговь, Өвөрхангайн өмнөд хэсэг — салхи 18-24 м/с хүрч шороон шуурга дэгдэж байна

Баянхонгорт гэр нурж хүний амь нас аюулд өртөв

Цаг уурын гамшигт үзэгдэл баруун бүсийн аймгуудад бодит эрсдэл үүсгэж эхэллээ. Өчигдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багт 51 настай иргэн Г-ийн дөрвөн ханатай гэр хүчтэй шороон шуурганы улмаас нурж, эмэгтэй гэрийнхээ дотор дарагдсан байна. Энэ тухай мэдээлэл 13:12 цагт бүртгэгдэж, онцгой байдлын аврах анги шуурхай ажиллан иргэнийг авран, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Иргэний биеийн байдал одоогоор тогтвортой байна.

Өмнөговьд барилгын дээвэр хуурч нуржээ

Мөн шуурганы улмаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багт байрлах дөрвөн айлын нийтийн байрны дээврийн хэсэг хуурч унасан байна. Онцгой байдлын албан хаагчид газар дээр нь ажиллаж, аюулгүй байдлыг ханган ажилласан бөгөөд уг хэргийг холбогдох цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Сэрэмжлүүлэг

Цаг уур орчны шинжилгээний байгууллагаас ирэх өдрүүдэд ч цасан болон шороон шуурга үргэлжилнэ гэж анхааруулж байгаа тул иргэд орон нутгаас хөдөлгөөн хийхээс зайлсхийж, гадуур явахгүй байх, эд хөрөнгөө бат бөх бэхлэхийг зөвлөж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд