Өнөөдөр Багшийн дээд орчмын зам дээр автомашин мотоциклтой мөргөлдсөн осол гарч, тухайн хэсгийн хөдөлгөөн хэсэг хугацаанд удааширсан байна. Аз болж хүн бэртэж гэмтээгүй талаар холбогдох албанаас мэдээллээ.
Тээврийн цагдаагийн албаны зүгээс мэдээлснээр, хаврын дулаан улирал ирснээр мотоцикл, суррон, унадаг дугуйтай иргэд хамгаалалтын хэрэгсэлгүй замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдэж, ийм төрлийн осол гарах эрсдэл өндөрсөж байна. Мөн автомашины жолооч нар эргэх үедээ хажуу тийшээ хангалттай харахгүй байгаа нь ослын нэг шалтгаан болж байгааг онцоллоо.
Хамгийн түгээмэл зөрчилд:
- Хурд хэтрүүлэх,
- Замын хөдөлгөөний дүрэм зөрчих,
- Жолоочийн үнэмлэхгүй хүүхэд, өсвөр насныхан хөдөлгөөнд оролцох,
- Эгнээ буруу эзлэх,
зэрэг зөрчил багтаж байгаа ажээ. Өсвөр насныхан суррон ихээр унах болсноор ослын тоонд нэмэлт эрсдэл үүсч байна.
Суррон, скүүтерийн хяналт чангарав
Иргэдийн шүүмжлэл дагуулдаг байсан суррон, скүүтерийн хэрэглээнд 2024 оноос албан ёсоор хяналт тавих, журамлах ажлыг эхлүүлжээ. Скүүтерийг одоо мопедын ангилалд, харин цахилгаан сурроныг мотоциклийн ангилалд багтаасан стандарт батлагдаж, дүрэм зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох нөхцөл бүрдсэн байна.
Суррон жолоодох иргэд дараах шаардлагыг заавал хангасан байх ёстой:
- А ангиллын жолооны үнэмлэхтэй байх
- Хамгаалалтын дуулга болон бусад хамгаалалтын хэрэгсэлтэй байх
Албаны зүгээс иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөхийг дахин анхаарууллаа.