2026 оны нэгдүгээр сараас эхлэн Сургуулийн өмнөх боловсрол (СӨБ) болон Ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) багш, ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхэллээ. Боловсролын яамнаас гаргасан шинэчилсэн тооцооллоор багшийн ажилласан жил, байршил болон гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарч бодит гар дээр авах цалин мэдэгдэхүйц өссөн байна.
Ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) багш нарын цалингийн задаргаа
ЕБС-ийн багш нарын үндсэн цалин 1,484,000 төгрөгөөс 2,226,000 төгрөг болж нэмэгдсэн байна. Үүн дээр нэмэгдэл хөлснүүд тооцогдсоноор дараах боломжит дээд хэмжээнд хүрч байна:
- Шинэ багш (Суманд): Олговол зохих нийт цалин 3,541,756 төгрөг байх ба гүйцэтгэлийн үнэлгээний 1-р түвшинд үнэлэгдвэл 4,135,356 төгрөг авах боломжтой.
- Туршлагатай багш (20-оос дээш жил, суманд): Олговол зохих нийт цалин 4,135,356 төгрөг бөгөөд гүйцэтгэлийн 1-р түвшний урамшуулалтайгаар 4,728,956 төгрөг (Максимум) болж байна.
Сургуулийн өмнөх боловсролын (СӨБ) багш нарын цалингийн задаргаа
СӨБ-ийн багш нарын үндсэн цалин 1,559,000 төгрөгөөс 2,338,500 төгрөг болж өсжээ.
- Шинэ багш (Суманд): Гүйцэтгэлийн үнэлгээний 1-р түвшинд үнэлэгдсэн тохиолдолд 3,993,578 төгрөг авах боломжтой.
- Туршлагатай багш (20-оос дээш жил, суманд): Гүйцэтгэлийн үнэлгээний 1-р түвшинтэй хамт 4,539,228 төгрөг хүртэлх цалин авах боломжтой байна.
Нэмэгдэл болон урамшууллын өөрчлөлт
Цалингийн өсөлтийг дагаад хувиар тооцогддог нэмэгдлүүд дараах байдлаар нэмэгджээ:
| Нэмэгдлийн төрөл | Шинэчилсэн дүн (ЕБС) | Тайлбар |
| Төрийн алба хаасан хугацаа (20%) | 296,800 ₮ | Зөвхөн олон жил ажилласан багшид |
| Анги даалтын нэмэгдэл (10%) | 222,600 ₮ | Шинэ болон хуучин багшид ижил |
| Кабинетын нэмэгдэл | 111,300 ₮ | Бүх багшид олгогдоно |
| Орон нутгийн нэмэгдэл (Суманд) | 593,600 ₮ | Суманд ажиллаж буй багшид |
Тэмдэглэл: Шинэ багш болон туршлагатай багшийн цалингийн гол ялгаа нь төрийн алба хаасан хугацааны 20 хувийн нэмэгдэл болон мэргэжлийн зэргийн нэмэгдэл дээр гарч байна.
Хамгийн өндөр цалинг сумын багш нар авах боломжтой байгаа нь орон нутагт ажиллах багш нарын нөөцийг нэмэгдүүлэх, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогын нэг хэсэг юм.


