Багш нарын ажил хаялт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ) эцэг, эх, асран хамгаалагчдад хандан уриалга гаргалаа. Тус яамнаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эцэг, эхийнх нь аль нэгийг цахимаар ажиллуулах боломжийг ажил олгогчид олгохыг зөвлөж байна.
Хүүхдийн эрх, хамгааллыг нэн тэргүүнд тавих шаардлага
Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байгаа бөгөөд 2025 оны аравдугаар сарын 20-ноос эхлэн багш нар хугацаагүй ажил хаялт зарлаад байна. Үүнтэй холбогдуулан хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлага үүсжээ.
ГБХНХЯ-ны уриалгад дурдсанаар: “Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад ‘төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах’ гэж заасан бол, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 14 болон 30 дугаар зүйлд төр, байгууллага, аж ахуйн нэгжүүд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан.”
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд ажил олгогч нь ажил, амьдралын тэнцвэрийг хангах үүднээс хөдөлмөрийн уян хатан нөхцөл бий болгох, хүүхдэд ээлтэй орчныг дэмжих үүрэгтэй гэж хуульчилсан байдаг.
Хүүхдийн хамгааллыг сайжруулах чиглэл
ГБХНХЯ-наас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөжээ:
- Багш нарын ажил хаялтын хугацаанд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн бүртгэлийг шинэчилж, аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх.
- Сум, дүүргийн Засаг дарга нар эрсдэлтэй орчныг хянах, олон нийтийн байцаагч, цагдаа, хамтарсан багтай уялдаа холбоотой ажиллаж, мэдээллийг шуурхай солилцох.
- 12 хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг гэрээс цахимаар ажиллуулах, 0–5 настай хүүхэдтэй эцэг, эхийн хувьд ажлын цагийг уян хатан зохицуулах боломжийг бүрдүүлэх.
- Сургуулийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зөвлөмж, уриалга гаргах, гэрийн орчны эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээ авах.
Яамнаас төрийн байгууллагууд болон хувийн хэвшилд хандан хүүхдийн эрхийг дээдэлж, эцэг, эхчүүдийн ажиллах нөхцөлд уян хатан шийдвэр гаргахыг дахин уриалжээ.
