Катар Улсын Доха хотноо шатрын рапид болон блиц төрлийн 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тун сонирхолтой өрнөж байна. Монголын шатарчин, ОУХМ Бат-Эрдэнийн Мөнгөнзул энэ удаагийн тэмцээнд гайхалтай амжилт үзүүлж, Энэтхэгийн хүчирхэг мастер, дэлхийн чансааны 19-т эрэмбэлэгддэг Харика Дороноваллиг буулган авснаар тэргүүлэгчдийн эгнээнд баттай орлоо. Энэхүү ялалт нь манай тамирчны хувьд дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх чадвартайг дахин нотолсон үйл явдал болов.
Одоогоор “Рапид” төрлийн есөн өргийн дараах байдлаар дараах таван шатарчин ижил 7.0 оноотойгоор тэмцээнийг манлайлж байна:
- Александра Горячкина (ОХУ, Дэлхийн чансааны №6)
- Зу Жинер (БНХАУ, Дэлхийн чансааны №2)
- Лэй Тинжие (БНХАУ, Дэлхийн чансааны №3)
- Хумпи Конеру (Энэтхэг, Дэлхийн чансааны №5)
- Бат-Эрдэнийн Мөнгөнзул (Монгол, Дэлхийн чансааны №93)
Тэмцээний хувь заяаг шийдэх сүүлчийн хоёр өрөг үлдээд байгаа бөгөөд манай тамирчин дэлхийн чансаа өндөртэй олон шилдэг мастеруудыг ардаа орхиод байна. 10 дугаар өрөгт нэгдүгээр ширээн дээр Монгол Улсын чансааг тэргүүлэгч Б.Мөнгөнзул болон ОХУ-ын шилдэг шатарчин Александра Горячкина нар тулах бөгөөд энэ нь медалийн өнгийг тодорхойлох хамгийн хариуцлагатай тоглолт болох юм. Нийт шатар сонирхогчид манай тамирчныг дэлхийн аваргын тавцанд гарахыг амьсгаа даран хүлээж байна.

