Монголын Урчуудын Эвлэлийн Зураачдын урланд 12 дугаар сарын 5-наас 28-ны өдрүүдэд орчин үеийн уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг дэлгэсэн сонирхолтой үзэсгэлэн үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээнд 40 гаруй уран бүтээлч бүтээлээ сойсноос шүүлтүүр давсан 19 шинэлэг шийдэл бүхий бүтээлийг олон нийтэд танилцуулж байгаа юм. Уг үзэсгэлэн нь орчин үеийн урлагийн олон талт байдлыг нэг дор харуулж чадсанаараа урлаг сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байна.
Дэлгэгдсэн бүтээлүүдийг техник ажиллагаа болон төрлөөр нь ангилбал:
- Уран зураг болон график: Уламжлалт болон шинэлэг зураасан зургийн арга барилууд.
- Баримал болон коллаж: Орон зайн дүрслэл болон зүймэл урлагийн хослол.
- Видео арт ба инсталляц: Технологи болон өрөг урлагийн орчин үеийн шийдлүүд.
Үзэсгэлэнгийн танхимыг гэгээлэг болон бүрэнхий гэсэн хоёр өөр орчинд хувааж, орон зайн зохиомжийг бүтээлийн утга агуулгатай уялдуулсан нь тун өвөрмөц шийдэл болжээ. Гэрэлтүүлэг сайтай танхимд өрөг урлаг болон ланд артын бүтээлүүд голчилж, үзэгчдийн мэлмийг баясгаж байна. Тухайлбал, З.Уянга зураачийн “Цэцгийн бүжиг” график цуврал болон Э.Тогтууны “Зээлийн хүү” бүтээлүүд нийгмийн эмзэг сэдвийг хүүхдийн харцаар дамжуулан ёгтлон харуулсан нь олны анхаарлыг татаж байв. Түүнчлэн МУУГЗ С.Дагвадоржийн “Карма” бүтээл нь ахмад үеийнхэн шинэ үеийн урлагийн хэллэгийг хэрхэн гүн гүнзгий илэрхийлж болдгийн тод жишээ болжээ.
Бүрэнхий танхимд ороход уран бүтээлч Б.Орхонтуулын “Бид нар” хэмээх баримал үзэгчдийг угтдаг. Энэхүү бүтээл нь Монголын уламжлалт хүн чулууны хэв маягийг орчин үеийн нийгмийн шүүмжлэлтэй хослуулж, өнөөгийн бидний дүр төрхийг шүүмжлэлт аргаар илэрхийлсэн байна. Танхимын голд байрлах Д.Дорждэрэмийн “Чимээгүй уулзалт” инсталляц нь ашиглалтаас гарсан үлээвэр хөгжмийн зэмсгүүдийг эсгийгээр бүрж, аниргүй дундах дотоод хөөрөлдөөнийг дүрсэлсэн нь үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлж байлаа.
Үзэсгэлэнгийн төгсгөл хэсэгт зураач Ж.Мөнхжаргалын Украины дайны сэдэвтэй бүтээл байрласан нь хамгийн хүчтэй мессежүүдийн нэгийг агуулж байна. Тэрээр Монгол зургийн хавтгай дүрслэлийг графит арга барилтай хослуулан, дайны механизм болон хүний шуналын сөрөг талыг минималист хэв маягаар хөнджээ. Энэхүү бүтээл нь хүн төрөлхтний нэгнээ устгах хэрцгийллийг шүүмжлэхийн зэрэгцээ орчин үеийн урлагийн нийгэмд гүйцэтгэх үүргийг дахин нэг сануулсан юм.
