Эмили Бронтегийн сонгодог зохиол “Аянгат даваа” (Wuthering Heights) шинээр дэлгэцнээ гарсны дараа эх зохиолыг нь сонирхох хүмүүсийн тоо огцом нэмэгдэв. Spotify платформын мэдээлснээр, өнгөрсөн есдүгээр сард киноны трэйлер цацагдсанаас хойш уг аудио номын сонсолт 440%-иар өсжээ.
Найруулагч Эмиральд Феннеллийн бүтээсэн энэхүү кино өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн кино театраас 83 сая ам.долларын орлого олсон байна. Киноны сурталчилгаа эхэлсэн цагаас аудио номыг сонирхох хандлага ийнхүү эрс нэмэгдсэнийг тус стриминг үйлчилгээ онцоллоо.
Платформын мэдээллээр, энэ нь зөвхөн хуучин сонсогчид эргэн ирсэн хэрэг биш юм. Аудио номыг анх удаа сонсож буй шинэ хэрэглэгчдийн тоо 260%-иар өссөн бөгөөд үүнд Z үеийнхэн (13-28 насныхан) хамгийн идэвхтэй буюу тэдний дундах сонсолт 191%-иар нэмэгдсэн байна.
“Аянгат даваа” аудио номын 2020 оны хувилбарыг “White Lotus”, “Sex Education” цувралын жүжигчин Эйми Лу Вуд уншсан бөгөөд оршлыг нь Полин Нестор уншжээ.
Йоркширийн зэлүүд талд өрнөх уг зохиолд Эрншоугийн гэр бүлд үрчлэгдсэн өнчин хүү Хитклифф болон Кэтрин Эрншоу нарын ээдрээтэй харилцааг өгүүлдэг. Кэтрин түүнд хайртай байсан ч нийгэмд эзлэх байр сууриа бодож чинээлэг Эдгар Линтонтой гэрлэдэг. Үүний дараа Хитклифф сураггүй алга болж, хожим нь баяжсан эр болж эргэн ирээд хоёр гэр бүлээс өшөөгөө авахаар тэмцэж эхэлдэг нь дараагийн үеийнхэнд нь ч гай зовлон авчирдаг. Хэдий эмгэнэлт явдлаар дүүрэн ч зохиолын төгсгөлд тэдний үр хүүхэд болох Кэти Линтон, Хертон Эрншоу нар өнгөрсөн үеийн бараан сүүдрийг даван туулж буй өөдрөг өнгө аясаар төгсдөг билээ.
Warner Bros. компанийн бүтээсэн шинэ хувилбарт Хитклифф болон Кэтриний дүрийг Марго Робби, Жэйкоб Элорди нар бүтээсэн юм. Spotify Premium эрхтэй хэрэглэгчид “Аянгат даваа” аудио номыг үнэ төлбөргүй сонсох боломжтой.
