БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудад зориулсан анхны сэтгүүл нээлтээ хийлээ. “Awezome” нэртэй уг сэтгүүл нь Монгол, Солонгос залуу мэргэжилтнүүдийн хамтын санаачилгаар бүтсэн бөгөөд анхны дугаараа уншигчдын гарт хүргээд байна.
Одоогоор 220,000 гаруй монгол иргэн хилийн чанадад ажиллаж, сурч, амьдарч байгаагийн хамгийн их хувь нь БНСУ-д ногдож байна. Энэхүү нөхцөл байдалд тулгуурлан “Awezome” сэтгүүл нь Солонгосын соёл, амьдралын хэв маягийг монгол хүний өнцгөөс таниулахын зэрэгцээ тус улсад амьдарч буй болон зорчихоор төлөвлөж буй монголчуудад үнэн зөв, тэнцвэртэй, хэрэгцээт мэдээллийг хүргэхийг зорьж байна.
Редакцын зүгээс уг сэтгүүлийг зөвхөн нэг удаагийн хэвлэл бус, тогтмол гарах цуврал сэтгүүл болгохоо мэдэгдлээ. Сэтгүүлийн агуулга нь БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын бодит туршлага дээр суурилсан бөгөөд тэдний нэн чухал мэдээллийн хэрэгцээг хангахад чиглэсэн байна.
Сэтгүүлд визний журам, боловсрол болон тэтгэлгийн боломжууд, дотуур байрны амьдрал, цагийн ажил, хоолны соёл, Солонгосын нийгмийн хэм хэмжээ, үнэт зүйлс, мөн урьдчилан сэргийлэх болон аюулгүй байдлын чухал зөвлөмж зэрэг сэдвүүдийг багтаахаар төлөвлөжээ. Редакцын багийн хэлснээр, гол зорилго нь бодит амьдралын туршлагад суурилсан “гарын авлага” бүтээх явдал юм.
“Монголчууд Солонгосыг өөр өөр зорилгоор зорьдог ч бидэнд нийтлэг хэрэгцээ их бий. Өөрсдийн туршлага дээр үндэслэн бид практик хөтөч бүтээхийг хүссэн” гэж багийнхан онцолжээ. Энэ утгаараа “Awezome” нь Солонгос улс руу нүүхээр бэлтгэж буй болон аль хэдийн тэнд суурьшсан хүмүүст хэрэгтэй гарын авлага болохоос гадна хоёр орны залуусын харилцан ойлголцол, солилцоог дэмжих гүүр болох юм.
Анхны дугаарт Солонгосыг зорихоос өмнө юу бэлдэх, тэтгэлгээ хэрхэн хадгалах, виз болон хөдөлмөрийн гэрээний талаарх чухал мэдээллүүд багтсан байна. Мөн Солонгосын өрсөлдөөн ихтэй соёл урлаг, загварын салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгосон загвар өмсөгч Ж.Намуун болон тус улсад 30 гаруй жил ажиллаж амьдарсан мэргэжлийн орчуулагч С.Сүх-Очир нарын ярилцлага багтжээ. Тэд хувийн туршлага болон амжилтын түүхээсээ хуваалцсан байна.
Түүнчлэн, анхны дугаарт гоо сайхны орчин үеийн чиг хандлагыг тусгасан мэдээлэл болон уншигчдын солонгос хэлний мэдлэгийг сайжруулахад зориулсан “Солонгос найзын өдрийн тэмдэглэл” (A Korean Friend’s Dairy) нэртэй хэл сурах булан багтжээ.
“Awezome” сэтгүүл нь улирал тутам хэвлэгдэнэ. Сөүл хотод Монгол Улсын Элчин сайдын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Монгол Таун, Монгол хэл, соёлын төвөөр дамжуулан хүлээн авах боломжтой. Мөн Илсан дахь Наму төв болон Жонжү дэх Монгол хөгжлийн төвөөс худалдан авах боломжтой аж.
