Дэлхийн автомашин үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгчид болох Honda, Bentley, Lotus, Audi, Porsche, Mercedes-Benz, Ford, Stellantis, Volvo, Rolls-Royce, Lamborghini болон Ferrari компаниуд электромашин үйлдвэрлэх стратегиа өөрчилж, өмнөх зорилтот төлөвлөгөөгөө танах эсвэл бүрмөсөн цуцлаад байна.
Financial Times (FT) сонины мэдээлснээр, дотоод шаталтын хөдөлгүүртэй (ДШХ) автомашины эрэлт хэрэгцээ тогтвортой байгаа болон АНУ, Европын холбооноос үзүүлдэг дэмжлэгүүд цуцлагдсан нь ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Хөгжлийн стратегиа өөрчилж, шинэ загваруудаа цуцалснаас болж автомашин үйлдвэрлэлийн салбар сүүлийн нэг жилд хамгийн багадаа 75 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж тус хэвлэл тооцоолсон байна.
Японы Honda компани 2040 он гэхэд ДШХ-тэй автомашин үйлдвэрлэхээ бүрэн зогсоох төлөвлөгөөнөөсөө татгалзлаа. Ингэснээр тус компани стратегиа өөрчилсний улмаас ирэх хоёр жилд 16 тэрбум хүртэлх ам.долларын алдагдал хүлээхээр байна.
Түүнчлэн Mercedes-Benz, Ford, Stellantis, Volvo Cars, Bentley, Lotus, Audi болон Porsche компаниуд ирэх арван жилд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэл рүү шилжих төлөвлөгөөгөө багасгажээ.
BMW-ийн эзэмшилд байдаг, 2023 онд анхны тансаг зэрэглэлийн Spectre электромашинаа танилцуулж байсан Rolls-Royce компани 2030 оноос хойш ч бензин хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэсээр байхаа зарлав. Тус компанийн гүйцэтгэх захирал Крис Браунриж Rolls-Royce-ийн домогт V12 хөдөлгүүрийн үйлдвэрлэлийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Ferrari компани 2030 он гэхэд үйлдвэрлэх электромашины зорилтот хэмжээгээ хоёр дахин бууруулсан ч “жолоодлогын таашаал”-ыг хөдөлгүүрийн төрлөөс үл хамааран ижил түвшинд хадгалахаа амлаж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Бенедетто Винья бензин хөдөлгүүрийн хүчит нүргээнд дуртай шүтэн бишрэгчдээ сонголтоосоо татгалзахад хүчлэхгүй гэдгээ илэрхийлжээ.
FT-ийн тайлбарлаж буйгаар, үйлдвэрлэгчид ийнхүү ухарч буй гол шалтгаан нь АНУ-ын татварын хөнгөлөлт өөрчлөгдсөн болон Европын холбооны утааг бууруулах зорилтот үзүүлэлтүүд зөөлөрсөнтэй холбоотой юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп засгийн эрхэнд эргэн ирснээр Цагаан ордон электромашин худалдан авагчдад үзүүлдэг холбооны татварын хөнгөлөлтийг цуцалж, цэнэглэх дэд бүтцэд зарцуулах төсвийг танасан нь ийнхүү нөлөөлжээ.
