Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр бөгөөд Монгол даяар “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөрт зориулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Р.Буанган олон нийтэд хандан баярын мэндчилгээ хүргэж, монголчуудын түүх, соёл, Чингис хааны үйл хэргийг хүндэтгэн биширч явдгаа илэрхийллээ.
Тэрбээр 2022 онд Монголд томилогдон ирснийхээ дараахан Сүхбаатарын талбай дахь Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн нь өөрийнх нь хувьд мартагдашгүй дурсамжийн нэг болсон хэмээн дурдаж, Их Эзэн Чингис хааны түүхэн гавьяа, үйлийг судлан таних, түүнийг хүндэтгэсэн хөшөө дурсгалуудыг Монгол орныхоо өнцөг булан бүрээр очиж үзэх нь үнэхээр сонирхолтой байдаг гэдгийг онцолсон байна.
Тэрбээр мэндчилгээндээ:
“Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан бүх монголчуудад баяр хүргэе! 2022 онд Монголд анх ирэхдээ Сүхбаатарын талбай дахь Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн минь хамгийн сайхан дурсамжуудын нэг билээ. Их Монгол Улсыг байгуулагчийн гавьяа, түүхэн үйлсийн талаар илүүг сурч мэдэн, монгол орон даяар хөшөө дурсгалыг нь үзэж сонирхон зочлох надад сонирхолтой байдаг” гэжээ.
Ийнхүү Монголын түүх, бахархлын өдөртэй зэрэгцэн гадаад орны төлөөлөгч, түнш улс орнуудын зүгээс мэндчилгээ дэвшүүлж байгаа нь хоёр орны найрсаг харилцаа, ард түмний хоорондын ойлголцлыг илтгэж байна.
