АНУ-ын Сангийн яамнаас гаргасан ерөнхий зөвшөөрлийн дагуу 3-р сарын 12-ноос өмнө хөлөг онгоцонд ачигдсан Оросын газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хориг арга хэмжээнээс түр хугацаанд чөлөөллөө.
Уг шийдвэр 4-р сарын 11-ний өдөр хүртэл хүчинтэй бөгөөд Иран улс, тус улсын засгийн газар болон Иранаас гаралтай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой гүйлгээнд хамаарахгүй болохыг Mongolnews24.com мэдээлэв.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэхүү тусгай зөвшөөрлийг дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангах, нийлүүлэлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй алхмуудын нэг гэж тодорхойлжээ. Тэрээр Х (хуучнаар Twitter) хуудсандаа: “Энэ бол зөвхөн тээвэрлэлтийн шатандаа яваа газрын тосонд зориулагдсан, богино хугацааны онцгой арга хэмжээ юм. Оросын засгийн газар эрчим хүчний орлогынхоо дийлэнхийг олборлолтын татвараас бүрдүүлдэг тул энэ шийдвэр тэдэнд санхүүгийн томоохон ашиг авчрахгүй” хэмээн бичсэн байна.
Сонирхолтой нь, АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт ердөө 3-р сарын 12-ны өдөр Оросын газрын тосны хоригийг цуцлах боломжийг үгүйсгэж байсан юм.
Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн (РФПИ) тэргүүн Кирилл Дмитриевын мэдээлснээр, АНУ-ын энэхүү шийдвэр одоогоор тээвэрлэгдэж буй 100 сая баррель Оросын газрын тосонд хамаарах аж.
Ойрхи Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн болон Ормузын хоолойн хөдөлгөөн хязгаарлагдсаны улмаас эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж, шатахууны үнэ огцом өсөөд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан АНУ өнгөрсөн долоо хоногт Энэтхэг улсыг далайд байгаа танкераас Оросын газрын тос худалдан авахыг зөвшөөрсөн бөгөөд уг зөвшөөрөл нь 30 хоногийн хугацаатай байгааг Reuters агентлаг онцолжээ.
