АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Вашингтоны боловсруулсан энхийн төлөвлөгөөг хүлээн авсаныг мэдэгдлээ. Тус төлөвлөгөө нь барьцаалагдсан израильчуудыг суллах, ХАМАС-ыг Газагаас төрийн удирдлагаас татгалзуулах, олон улсын энхийг сахиулах хүч оруулах зэрэг заалтыг багтаасан байна.
Төлөвлөгөөний гол агуулга
Трампын хэлснээр, хэрэв санал хүлээн зөвшөөрөгдвөл 72 цагийн дотор ХАМАС бүх израиль барьцаалагдсан иргэдийг суллах ёстой. Израиль үүний хариуд хэдэн зуун палестин хоригдлыг суллаж, аажмаар цэргээ Газагаас гаргана.
Газа бүсийг террорист үйл ажиллагаагүй, демилитаржсан бүс болгон зарлах бөгөөд ХАМАС аливаа удирдлагын оролцоогоо бүрэн зогсооно. Зэвсгээ хураалгасан гишүүдийг өршөөж эсвэл гадаадад гарахыг зөвшөөрөх боломжтой гэж Трамп онцоллоо.
Төлөвлөгөө хэрэгжсэн даруйд олон улсын тогтворжуулах хүчин оруулж, хүмүүнлэгийн тусламжийн өргөн цар хүрээтэй нийлүүлэлт эхэлнэ. Мөн тусгай эдийн засгийн бүс байгуулагдахаар заагдсан.
ХАМАС-ын халдлага ба үр дагавар
2023 оны 10-р сарын 7-нд ХАМАС Израиль руу томоохон халдлага үйлдэж, 1200 орчим энгийн иргэний амийг хөнөөсөн бөгөөд 250 гаруй хүнийг барьцаалан Газад аваачсан. Үүнээс хойш Израиль ХАМАС-д дайн зарлаж, газар болон агаарын ажиллагаа явуулсан. Палестины эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 64 мянга гаруй хүн амь үрэгдэж, 164 мянга гаруй хүн шархадсан байна.