АНУ-ын Феникс хотод нэгэн жуулчин ууланд аялж явахдаа зөгийн сүрэгт дайруулж, биеийн байдал нь маш хүндэрсэн тул нисдэг тэргээр яаралтай тээвэрлэсэн байна.
Хэрэг явдал Феникс хотын Лукаут-Маунтин (Lookout Mountain) оргилын ойролцоо болжээ. Тус хотын Гал түймэртэй тэмцэх албаны мэдээлснээр, Бямба гарагийн өглөө ууланд алхаж явсан эрэгтэй рүү гэнэт зөгийн сүрэг дайрсан байна. Хохирогч аврагчдад 100 гаруй удаа хатгуулсан тухайгаа хэлсэн бөгөөд биеийн байдал нь муудсанаас уулнаас бие даан бууж чадаагүй аж.
Аврах ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд явагдсан бөгөөд эрэгтэйг нисдэг тэргээр татан авч, эмнэлгийн ажилтнуудад хүлээлгэн өгчээ. Түүнийг маш хүнд байдалтайгаар эмнэлэгт хэвтүүлсэн байна.

Уг хэргийн дараа Феникс хотын Гал түймэртэй тэмцэх албанаас аялагчдад хандан сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Аврагчид зөгийн үүр байгаа газраас хол байж, аялал зугаалгаар явахдаа онцгой анхаарал болгоомжтой байхыг уриалж байна.
Мэргэжилтнүүд байгальд явахдаа үнэртэй ус болон анхилуун үнэртэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь хурц үнэр шавьжнуудыг татах эрсдэлтэй аж. Мөн цайвар өнгийн хувцас сонгох нь зөгийг цочроох магадлал бага байдаг байна. Хэрэв зөгийн дайралтад өртвөл тухайн газраас нэн даруй холдож, хурдан гүйх зуураа толгой болон нүүрээ хамгаалах шаардлагатайг зөвлөв.
