АНУ-ын Висконсин мужийн Дээд шүүхийн шүүгчийн сонгуульд Сьюзен Кроуфорд ялалт байгуулж, тус мужийн шүүхийн либерал олонхын (4:3) бүрэлдэхүүнийг хадгалан үлдлээ. Гэвч энэ сонгууль ердийн нэг шүүгчийн томилгоо биш байв — Илон Маск энэхүү сонгуульд хүчтэй оролцож, 12 сая ам.доллар зарцуулсан ч түүний дэмжсэн нэр дэвшигч ялагдлаа.
Маск 12 сая ам.доллараар юу хийв?
Сүүлийн үед улс төрд нөлөөлөх оролдлогоо нэмэгдүүлж буй Маск энэ удаа ч оролцсон. Түүний хандивын America PAC нэртэй хороо Брэд Шимел нэр дэвшигчийг дэмжиж, сурталчилгаанд 12 сая долларыг зарцуулжээ. Маск өөрийн биеэр Висконсинд очиж, шүүхийн либерал гишүүдийг “идэвхтэн” хэмээн шүүмжилсэн петицид гарын үсэг зурсан зарим иргэнд 1 сая долларын чек тараасан нь маргаан дагуулсан.
Анхны мэдээгээр, Маск санал өгсөн иргэд бүрт мөнгө амласан ч, эцэст нь зөвхөн хоёр хүнийг сонгож шагнасан байна. Тухайн үед Висконсин мужийн ерөнхий прокурор Жош Кол энэ үйлдлийг зогсоохыг оролдсон ч шүүхээс түүний нэхэмжлэлийг хүчингүй болгожээ.
Сьюзен Кроуфордын ялалт
Шүүхийн шийдвэр гарснаас хойш Кроуфорд сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ:
“Дэлхийн хамгийн баян хүнтэй шударга ёсны төлөө нүүр тулан өрсөлдөнө гэж хэзээ ч бодож байгаагүй… Гэвч бид яллаа.”
Тэрээр мужийн шүүхэд шүүгчээр ажиллаж байсан бөгөөд одоо энэхүү сонгуулиар тэтгэвэрт гарч буй Энн Уолш Брэдлигийн оронд ажиллана.
Улс төрийн том сорилт
Энэ сонгууль нь зөвхөн Висконсины дотоод хэрэг биш байв. Энэ нь АНУ-д Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойшхи анхны томоохон улс төрийн сорилт болсон ба АНУ-ын шүүх засаглал дахь улстөржилтийн түвшин, мөн тэрбумтнуудын нөлөө ямар хэмжээнд байгааг харуулсан үйл явдал байв.