АНУ-ын Охайо мужид 30 гаруй жилийн өмнө хөлдөөж хадгалсан үр хөврөлөөс амжилттай хүүхэд төрүүлсэн нь дэлхийн дээд амжилт тогтоосон тохиолдол боллоо. Энэхүү түүхэн үйл явдал нь АНУ-ын иргэд Линдси (35 настай), Тим Пирс (34 настай) нарын гэр бүлд тохиосон бөгөөд тэд өнгөрсөн Бямба гарагт Таддеуш Даниэл Пирс гэх хүүгээ өлгийдөн авчээ.
Хатагтай Пирс өөрийн энэ төрөлтийг “шинжлэх ухааны уран зөгнөлт кино шиг” хэмээн тодорхойлсон бөгөөд мэргэжилтнүүд энэ явдлыг үр хөврөлийг хөлдөөсний дараа хамгийн удаан хугацааны дараа амжилттай төрүүлсэн анхны тохиолдол гэж үзэж байна. Өмнөх дээд амжилт нь 1992 онд хөлдөөсөн үр хөврөлөөс 2022 онд хоёр ихэр хүүхэд төрүүлсэн тохиолдол байв.
Пирсийн гэр бүл долоон жилийн турш хүүхэдтэй болохыг оролдсон ч үр дүнд хүрээгүй тул эцэст нь үр хөврөлийг үрчлэн авах замыг сонгосон байна. Тэдний сонгосон үр хөврөл нь 1994 онд 62 настай Линда Арчердын IVF аргаар нөхөртэйгээ хамтран бүтээсэн үр хөврөл байв. Арчерд тухайн үед нийт дөрвөн үр хөврөл бий болгосон бөгөөд нэг нь одоо 30 настай түүний төрсөн охин, үлдсэн гурвыг хөлдөөж хадгалуулсан байна.
Хожим нөхрөөсөө салсан Арчерд эдгээр үр хөврөлөө устгуулах, шинжилгээнд өгөхөөс татгалзаж, харин бусад гэр бүлд нэрээ нээлттэйгээр үрчлүүлэхээр шийдэж, “Nightlight Christian Adoptions” гэх зуучлалын байгууллагаар дамжуулан Пирсийн гэр бүлтэй холбогджээ.
Энэхүү байгууллага нь үр хөврөлийн эцэг эхчүүдэд ирээдүйн үрчлэгч гэр бүлийн шашин шүтлэг, арьс өнгө, угсаа гарал зэргийг сонгох боломж олгодог юм. Арчердын хувьд АНУ-д амьдардаг, цагаан арьст, христийн шашин шүтдэг хосуудыг сонгосон бөгөөд энэ нь Пирсийн гэр бүл байв.
Гэр бүлийнхэн уг амжилтыг тогтоохоор зорьж сонголт хийгээгүй бөгөөд зүгээр л хүүхэдтэй болох чин хүсэлтэй байсныгаа онцолсон байна. Арчерд шинэ төрсөн хүүхдийг хараахан уулзаагүй байгаа ч өөрийн охинтой нь ижил төрхтэй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.