Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Тавантолгой түлш ХХК нар агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааны гэрээг байгуулж, гарын үсэг зурлаа.
Ёслолын арга хэмжээ ба оролцогчид
Гэрээ байгуулах ёслолд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Тавантолгой түлш компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр нар хүрэлцэн ирсэн байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Монгол Улсын хөгжлийн бодлогыг НҮБ-ын үзэл баримтлал, чиглэлтэй нийцүүлэх нь зөв гэдгийг онцлов.
Тэрбээр нийслэлийн зүгээс агаарын бохирдлыг бууруулахад хэд хэдэн зорилт тавьсан гэж хэлэв:
- Айл өрхийн хэрэглэдэг хатуу түлшийг хагас коксон бүтээгдэхүүнээр солих
- Төвлөрсөн бус халаалтыг LNG газын системд шилжүүлэх
- Айл өрхийн гэр, байшин сууцыг дулаалж, дулаалсан айлыг хийн халаагуурт шилжүүлэхээр ажиллаж байна.
Үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллаж, та бүхний туршилгыг Улаанбаатар хотод нутагшуулж байгаад баяртай байна” гэсэн юм.
Хүүхдийн сангийн төлөөлөгчийн үг
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад манлайлал гарган ажиллаж байгааг харж байна. Агаарын бохирдол хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтын ажиллагаа эхлүүлж байгаад баяртай байна. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж чадвал тэр хүнийг насан туршид нь хамгаалж чадна гэдгийг онцолсон юм.
Өмнөх амжилт ба хамтын ажиллагааны хүрээ
НҮБ-аас монгол гэрийн “Чип” багцаар 13 аймаг, дөрвөн дүүргийн 5000 айл өрхийг амжилттай дулаалаад байгаа аж.
Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс нүүрснээс хийн түлшид шилжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг үнэлэх, хийн түлшний зөв хэрэглээ, дадлын сургалтыг зохион байгуулах, олон нийтэд сурталчлах, агаарын болон орчны бохирдол айл өрхөд хэрхэн нөлөөлж байгаа тухай суурь судалгаа явуулах ажлуудыг хийхээр болжээ.