Баасан, 11 сар 7, 2025
HomeУлс төр“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд “Монос хүнс” шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулав

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд “Монос хүнс” шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах арга хэмжээний хүрээнд дотоодын үйлдвэрлэгч компаниудаар ажиллаж байна. Энэ үеэр тэрээр “Монос хүнс” ХК-д зочилж, тус байгууллагын хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн өргөтгөлийн талаар мэдээлэл авлаа.

Ерөнхийлөгчийг угтах үеэр ТУЗ-ийн гишүүн Л.Хүрэлбаатар, Х.Солонго болон гүйцэтгэх захирал А.Отгондарь нар компанийн үйл ажиллагааны явц, “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хийгдсэн шинэчлэлүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан. Аж ахуйн нэгжийн зүгээс энэхүү үндэсний хөдөлгөөн нь технологийн шинэчлэл хийх, зах зээлээ тэлэх, ажлын байр нэмэгдүүлэх бололцоо бүрдүүлж байгааг онцоллоо.

“Монос хүнс” ХК 2012 оноос эрүүл мэндийг дэмжих хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2019 онд IPO хийж, “Монос групп”-ийн анхны хувьцаат компани болсон. Тэд “MFC 1.0”, “MFC 2.0” зэрэг томоохон төслүүдийг үе шаттай хэрэгжүүлээд байгаа юм.

Хүнсний хувьсгал

Компанийн мэдээлснээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авсан нь хөгжлийн томоохон түлхэц болсон. Үүний үр дүнд:

  • Дэвшилтэт технологи бүхий шинэ үйлдвэр ашиглалтад орсон
  • Одоо байгаа хүнсний агуулах өргөтгөгдсөн
  • Нийслэлийн зүүн бүсэд шинэ агуулахын барилга эхэлсэн
  • Хүүхдийн жимсний нухашны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж шинэчлэгдсэн

Эдгээр бүтээн байгуулалтын үр дүн тодорхой харагдаж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадал гурван дахин өсч, биет үйлдвэрлэл 96 хувь нэмэгдсэн бол борлуулалтын орлого 2022 онтой харьцуулахад 68 хувь буюу 19 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн ажилчдын цалин 50 хувь өсөж, нийт ажлын байр 20 хувиар нэмэгдсэн байна.

“Экос” брэндийн хуванцар савлагааны жинг 30 хувь бууруулснаар жилд 172 тонн хуванцар хэрэглэгдэхгүй болсон нь байгальд ээлтэй чухал алхам болжээ.

Одоо тус компани 72 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 280 гаруй ажилтантай, 16 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэйгээр салбартаа манлайлагч хэвээр байна. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, 1,000 мод бүхий “MFC төгөл” байгуулан, өөрийн талбайд 700 гаруй мод тарьжээ.

2022 оноос эхлэн хүүхдэд ээлтэй орчин бий болгох зорилгоор ЭХЭМҮТ болон гурван үндэсний төвд “тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан эмчилгээний өрөө”-г бүрэн засварлан, ашиглалтад өгсөн байна. Ингэснээр жил бүр 2,000–13,000 орчим хүүхэд болон асран хамгаалагчид тав тухтай орчинд эмчилгээ авах боломжтой болжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-д нэгдэн үйлдвэрлэлээ тэлж, ажлын байр нэмэгдүүлж, татвар төлөлтөөр улсдаа хувь нэмэр оруулж буй үйлдвэрлэгчдэд талархал илэрхийлэв.

Түүнчлэн үндэсний хөдөлгөөнөөр дамжуулан 3,000 гаруй аж ахуйн нэгж нийтдээ 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй зээл авсан бол “Цагаан алт” хөтөлбөртэй хамт нийт 300 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, хүүгийн дэмжлэг үзүүлжээ. “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд одоогийн байдлаар 53 үйлдвэр шинээр ашиглалтад орж, нэг жилийн дотор 44 мянган ажлын байр шинээр бий болсон байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд