Монгол Улс энэ оны тавдугаар сард Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-аар шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын хөтөлбөрөө батлуулсан бөгөөд уг батламж нь манай улсад шүлхий өвчний эсрэг шинжлэх ухаанд суурилсан арга хэмжээг хэрэгжүүлэх, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бүрдүүлэх чухал алхам болсон юм.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр махны экспорт нэмэгдэх, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах, мөн малчдын орлогыг дэмжих боломж бүрдэж байна.
2025 онд нийт 8.8 сая толгой мал дархлаажуулалтад хамруулах зорилт тавьжээ. Үүнээс хаврын дархлаажуулалтад 2.6 сая толгой үхэр, цаа буга, гахайг 95 хувийн гүйцэтгэлтэйгээр хамруулсан байна.
Харин намрын дархлаажуулалт энэ сарын 1-нээс эхэлж, 4.9 сая толгой мал хамруулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 45 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газраас малчдад дараах зөвлөмжийг өгч байна:
- Үхэр, гахай, цаа бугыг бүрэн хамруулах
- Төлөвлөгөөт хугацаанд дархлаажуулалтаа хийлгэх
- Малын хөдөлгөөн, худалдаанд эрсдэлээс сэргийлэх
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх нь зөвхөн малчдын төдийгүй улс орны эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй гэж албаныхан онцоллоо.
