“Универсиад” гэх нэр томъёо нь “их сургууль” болон “олимп” гэсэн үгсийн нийлбэр бөгөөд дэлхийн оюутнуудын дунд зохион байгуулагддаг спортын олон улсын наадам юм. Уг тэмцээн нь өвөл, зуны төрөлтэй бөгөөд хоёр жил тутам болдог. Олон улсын их сургуулийн спортын холбоо (FISU) зохион байгуулдаг.
Түүхэн үндэс
Олон улсын оюутны анхны спортын арга хэмжээ 1923 онд Франц улсад зохиогдсон бөгөөд энх тайвныг дэмжигч Ходжсон Праттын санаачилсан соёл, урлаг, спортын эв нэгдлийн санаанаас улбаатай. Харин FISU нь 1949 онд байгуулагдсан ба хоёрдугаар дайны дараа универсиад наадмын зохион байгуулагч болсон.
Жан Петитжан гэдэг франц эрдэмтэн “Их сургуулийн олимп” хэмээх санаачилга гаргасан ч Пьер де Губертинтай зөвлөлдсөний дараа “олимп” гэх нэрийг ашиглахаас татгалзсан байдаг.
Анхны зуны универсиад
FISU-ийн анхны албан ёсны универсиад тэмцээн 1959 онд Италийн Торинод зохиогдож, 43 орны 985 тамирчин долоон спортын төрлөөр 60 багц медалийн төлөө өрсөлджээ. Тэр цагаас хойш спортын төрөл нэмэгдэж, оролцогчдын тоо өссөн.
Монголын оролцоо, амжилт
Монголын оюутны шигшээ баг анх 1965 онд Унгар улсын Будапешт хотод болсон универсиадын волейболын төрөлд эрэгтэй, эмэгтэй багийн бүрэлдэхүүнээр оролцож байв.
Анхны медалийг 1973 онд Москва хотод болсон тэмцээнээс чөлөөт бөхийн Ц.Нацагдорж авч, алтан медаль хүртсэн бол Ж.Мөнх-Очир хүрэл медаль авсан нь тэмдэглүүштэй. Чөлөөт бөхийн шүүгчдээс О.Цэрэндагва, Ц.Чойнхор, Б.Дашням нар анх удаа универсиадын шүүгчээр оролцсон байдаг.
1977 онд Монгол Улс Олон улсын оюутны спортын холбоонд (FISU) жинхэнэ гишүүнээр элсчээ. Тэр жил Болгарын Софи хотод болсон наадамд ах дүү бөх З.Ойдов, З.Дүвчин нар алтан медаль, О.Энхтайван, Ж.Даваажав нар хүрэл медаль авч, Монголын баг 78 орны дунд нийлбэр дүнгээр 13 дугаар байрт шалгарсан нь түүхэн амжилт байлаа.
1991 онд Японы Саппоро хотод болсон өвлийн универсиадад Монгол анх удаа оролцож, цана, тэшүүрийн төрөлд тамирчдаа оролцуулжээ.