Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно
Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1995 оноос хойш үе шаттай нэмэгдүүлсээр ирсэн. 1995 онд 9600 төгрөг байсан бол 2011 онд 140 мянган төгрөгт хүрсэн. Үүнээс хойш найман удаагийн нэмэгдэл хийгдэж, одоогийн байдлаар 660 мянган төгрөг болсон байна.
Харин 2025 оны 4-р сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 4715 төгрөг, сард 792 мянган төгрөг болгох тогтоол гарчээ.
Үүний дагуу өмнө нь 660 мянган төгрөгийн цалингаас 89,100 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан бол шинэ хэмжээнд 792 мянган төгрөгөөс 106,320 төгрөгийн НДШ төлөх зохицуулалт хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20%-иар өсөхийн зэрэгцээ нийгмийн даатгалын төлбөр нэмэгдэх юм.
Татварын энэхүү зохицуулалт нь уул уурхай, барилга, зам тээврийн салбаруудад мөн хэрэгжих бөгөөд эдгээр салбарууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бие даан тогтоох эрхтэй байх аж.
Шийдвэр гаргахдаа дараах хүчин зүйлсийг харгалзжээ:
- Амьжиргааны доод түвшин
- Хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн харьцаа
- Нийгмийн даатгалын тэтгэврийн доод хэмжээ
- Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
- Инфляцийн түвшин
5-р сараас дулааны үнэ 85%-иар нэмэгдэнэ
Засгийн газар 2024 оны 11-р сарын 15-наас эхлэн эрчим хүчний үнийг хэрэглээнээс нь хамааруулан 30-85%-иар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
Энэ өөрчлөлтийн дагуу 2025 оны 5-р сарын 16-наас дулааны үнэ 85%-иар нэмэгдэхээр болж байна. Одоогоор ахуйн хэрэглэгчдэд борлуулж буй дулааны тариф 33,862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62,960 төгрөг бөгөөд үүссэн зөрүү нь эрчим хүчний салбарт алдагдал дагуулж байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Айлуудын цахилгаан, дулааны тариф 2019 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан бөгөөд одоо үнийг шинэчлэн зах зээлийн зарчимд нийцүүлэх алхам хийж байгааг Эрчим хүчний зохицуулах хороо мэдэгдсэн байна.
9-р сараас халуун, хүйтэн усны үнэ нэмэгдэнэ
Мөн 2025 оны 9-р сарын 16-наас эхлэн халуун болон хүйтэн усны үнэ нэмэгдэхийг албаныхан мэдэгдсэн. Энэхүү үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр айлуудын өрхийн төсөвт дарамт үүсэх магадлалтайг Монголбанкнаас онцолсон бөгөөд инфляцийн өсөлтөд нөлөөлөх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2024 оны 10-р сард хийсэн мэдэгдэлдээ:
- Эрчим хүчний үнийг үе шаттайгаар нэмэгдүүлэх шаардлагатай
- Халуун ус, дулааны үнэ нэмэгдэнэ
- Зах зээлийн зарчимд бүрэн шилжих хугацаа 2027-2028 онд бүрдэж магадгүй гэж дурдсан байна.