Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн албан ёсны урилгыг дагуулан Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамтаар манай улсад хүрэлцэн ирээд байна. Түүний энэхүү төрийн айлчлал нь 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд үргэлжлэх хуваарьтай байгаа юм. Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд болон БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар нисэх буудалд ёслол төгөлдөр угтан авлаа. Энэхүү түүхэн үйл явдал нь БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 2011 онд хийсэн айлчлалаас хойш даруй 15 жилийн дараа тохиож буйгаараа онцгой ач холбогдолтой юм.
“Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлж, Наадмын нээлтэд оролцоно
Айлчлалын албан ёсны хөтөлбөрийн дагуу хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан болон өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Уулзалтаар талууд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг шинэ шатанд гаргаж бэхжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, мөн олон улс, бүс нутгийн талбар дахь түншлэлийг гүнзгийрүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм. Үүнээс гадна харилцаа, хамтын ажиллагааг салбар бүрд өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар зэхэж байна. Мөн Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарын хувьд монгол түмний дэлхийд ганц Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочны хувиар тусгайлан оролцох аж.

Дипломат харилцааны түүхэн замнал ба Төрийн тэргүүний намтар
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс нь 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш соёл, эдийн засгийн хувьд тасралтгүй ойртсоор хөгжиж ирсэн. БНСУ нь 1990 онд Улаанбаатар хотод өөрийн Элчин сайдын яамаа нээсэн бол манай улс удалгүй 1991 онд Сөүл хотноо Дипломат төлөөлөгчийн газраа албан ёсоор ажиллуулж эхэлсэн түүхтэй. Хоёр улсын найрамдалт харилцааны шат ахисан түүхэн үе шатуудыг дараах байдлаар ангилж болно.
- 2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
- 2011 онд “Иж бүрэн түншлэл”
- 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг тус тус бататгасан байна.

Өмнөд Солонгосын өнөөгийн Ерөнхийлөгч И Жэ Мён нь БНСУ-ын Жүн-Ан их сургуулийн Хуулийн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй нэгэн юм. Тэрбээр 1990-1994 онд Кёнги аймгийн Ичон болон Гванжү хотын Хөдөлмөрийн зөвлөгөөний төвүүдэд захирлаар ажиллаж байгаад, 1994-2005 онуудад Кёнги аймгийн Соннам хотын “Ард иргэдийн эв нэгдэл” ТББ болон Авлигын эсрэг иргэний нийгмийн байгууллагын захирлын албыг хашжээ. Үүний дараа улс төрийн гараагаа идэвхжүүлж, 2010-2018 онд Соннам хотын даргаар хоёр удаа, 2018-2021 онд Кёнги аймгийн Засаг даргаар тус тус ажилласан байна. Түүнчлэн 2022-2024 онд Үндэсний Ассамблейн гишүүн, 2022-2025 онд Ардчилсан намын даргаар ажиллаж байгаад 2024-2025 онд дахин Үндэсний Ассамблейн гишүүнээр сонгогдон зүтгэж байв. Улмаар тэрбээр 2025 онд БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан сонгогдсон байна. Улс төрийн баялаг карьераас гадна тэрбээр “Үйлдвэрийн хүүгийн өдрийн тэмдэглэл”, “Бид хамтдаа алхаж буй учраас ганцаардахгүй байна”, “Намайг энд хүргэсэн мөрөөдөл” болон “Эцэст нь үүнийг ард иргэд л хийж чадна” зэрэг хэд хэдэн сонирхолтой ном товхимол туурвисан зохиолч юм.
