НүүрОсол хэрэг250 гаруй албан хаагч үерийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна

250 гаруй албан хаагч үерийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Геодез усны барилга байгууламжийн газраас өнөөдөр үер, усны нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл өглөө. Албаныхан усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

Хотын зургаан дүүргийн 38 байршилд ус тогтжээ

Нийслэлийн Онцгой Байдлын Газрын дэд дарга Э.Батбаяр “Үүрээр орсон борооны улмаас Улаанбаатар хотын зүүн хэсгээр 13 орчим миллиметр, баруун хэсгээрээ 47 миллиметрийн хур тунадас орж зарим хэсгээр үерийн нөхцөл үүслээ. Ойрын өдрүүдэд иймэрхүү бороо үргэлжлэн орох шинжтэй байгааг мэргэжилтнүүд сануулж байгаа. Өнгөрсөн шөнө үер устай холбоотой 25 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээд ус тогтдог 103 байршлыг тодорхойлсон. Энэ үеэр үерийн эрсдэлтэй бүсийг бас тодорхойлсон байдаг. Энэ дагуу тодорхой цэгүүдэд бэлэн байдлыг хангах үүрэг өгсний дагуу бид ажилласан. Яг одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 38 байршилд ус тогтсон мэдээлэл ирсэн. Захын дүүргээр зарим үерийн далан, шуудуу хэтэрсэн байдалтай байна. Яг одоогийн байдлаар ус тогтсон 15 байршилд 250 гаруй албан хаагч, 64 техник хэрэгсэлтэйгээ үерийн хор уршгийг арилгахаар ажиллаж буй. Ус тогтсон байршлуудад үүссэн хог хаягдлыг цэвэрлэж дуусгаад үдээс хойш ариутгалын арга хэмжээ хийгдэнэ” гэлээ.

Өнгөрсөн шөнийн усархаг тунадасны улмаас зарим захын дүүргүүдийн далан, шуудуу халиад байгааг албаныхан онцоллоо. Ялангуяа гол дагаж буусан айл өрхүүд үерийн аюулд өртөх өндөр эрсдэлтэй байгааг судалгаа харуулж байна.

  • Өнгөрсөн жилийн судалгаагаар үерийн өндөр эрсдэлтэй бүсэд 1,917 айл өрх байгааг тогтоосон.
  • Тэдэнд үерийн эрсдэлтэй бүсээс нүүх мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч зарим нь нүүх хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ.

Баяр наадмын өдрүүдэд бороо үргэлжлэн орно

Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр naadmiin дөрвөн өдрийн гуравт нь бороо орох төлөвтэй байна. Иймд баяр наадмын үеэр үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа. Иргэд амралт, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хоноглохгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг сануулж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд