Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг санхүүгийн асар их эргэлттэй, Монголын хамгийн нэр хүндтэй спорт форум болон өргөжжээ. Үзэгчдийн сонирхол нэмэгдэхийн хэрээр клубүүдийн дундах тоглогчдын наймаа, солилцооны үнэ цэнэ тэнгэрт хадаж байна. Энэ жилийн шинэ тоглогч сонгох драфтын үеэр багуудын дунд өрнөсөн гол тамирчдын төлөөх “үнэ хаялцаан” спорт сонирхогчдын анхаарлыг татаж, томоохон шуугиан дэгдээгээд байгаа билээ.
Саяхан буюу энэ оны дөрөвдүгээр сард 2025-2026 оны улирал өндөрлөж, “Хасын Хүлэгүүд” баг аваргын цомыг өргөсөн. Лигийн тэмцээн дууссаны дараа багууд ирээдүйн тулгуур хүчээ зузаатгах зорилгоор ахлах болон их сургуулиудын шилдэг залуусыг амжилтын эрэмбээр сонгодог уламжлалтай болсон юм.
Энэ жилийн драфтыг ХУД-ын 52-р сургуулийн сурагч, “Улаанбаатар Кап” тэмцээнд онцгой тоглолт үзүүлсэн М.Мөнх-Эрдэнэ тэргүүлсэн билээ. Үндэсний дээд лиг рүү дэвшин орсон “ТЛЖ Түшиг Багана” баг түүнийг нэг дэх сонголтоор авсан даруйдаа “ШГ Эйпс” рүү сольсон байна. Тэд залуу тамирчны хариуд Г.Ган-Эрдэнэ, У.Чингүүн нарыг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Г.Ган-Эрдэнэ болон У.Чингүүн нарын цалин 300-350 сая төгрөгийн хооронд байгаа учраас “ШГ Эйпс” тэргүүн сонголтыг авахын тулд ийм өндөр өртөг зарцуулсан гэж үзэж болно.
Нөгөөтэйгүүр, залуу авьяастныг өөрийн болгохоор “Сэлэнгэ Бодонс” клубээс ч мөн санхүүгийн асар өндөр дүнтэй санал тавьсан нь тодорхой болоод байна. Тэд “ТЛЖ Түшиг Багана” багт тоглогч солилцооны дараах ашигтай хувилбарыг санал болгожээ.
- Жилийн 500 сая төгрөгийн цалинтай Э.Дөлгөөн,
- Багаа аваргын төлөө шалгарахад үнэтэй хувь нэмэр оруулсан, 100 орчим сая төгрөгийн үнэлгээтэй Н.Батбаяр,
- Бэлэн 160 сая төгрөгийн нэмэгдэл.
Ингэснээр хоёр тоглогчийн 600 орчим сая төгрөг дээр бэлэн мөнгийг нэмж, нийт 760 сая орчим төгрөгийн санал болж байгаа юм. Тэгвэл “ТЛЖ Түшиг Багана” баг яагаад ийм өндөр дүнтэй гэрээнээс татгалзаж, “ШГ Эйпс”-ийн саналыг сонгосон нь сонирхолтой асуулт хэвээр үлдлээ.
