Монгол Улсын нийслэлд анх удаа зохион байгуулагдаж буй олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилт арвин үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн ивээл дор “М Банк арена”-д болж буй тус тэмцээний 8 дахь өдөр манай баг тамирчид медалийн буухиагаа үргэлжлүүлж, үзэгчдээ баярлууллаа.
Өчигдөр болсон пара таеквондогийн тэмцээнд манай улсын шилдэг тамирчид гайхалтай тоглолтыг үзүүлж, хос алтан медаль авлаа. Үүний үр дүнд Улаанбаатарын тэнгэрт Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, үзэгч олноо баярлуулсан бөгөөд гол амжилтуудыг дурдвал:
- Эрэгтэйчүүдийн К44 ангиллын 63 кг-ын жинд “Парис-2024” паралимпын мөнгөн медальт, Дэлхий болон Азийн удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ тэргүүлж, тивийн 6 дахь алтаа авлаа. Тэрбээр шийдвэрлэх тулаанд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай Ираны тамирчин Садегианпур Саидыг 2.0-ээр илүүрхсэн байна.
- Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд “Парис-2024” паралимпын наадмын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав босоо байж, эх орондоо Азийн аварга хэмээх эрхэм алдрыг авчирлаа. Манай тамирчин аваргын төлөөх ширүүн тулаанд Узбекстаны Рустамова Кароматойг 2:1-ээр буулган авсан юм.
Манай улсын дэвжээн дээр анх удаа зохиогдож буй Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцож байна. Тэмцээний нийт дүнгээр манай тамирчид пүмсэ төрөлд хоёр хүрэл медаль хүртсэн бол пара таеквондогийн төрөлд ийнхүү хоёр алтан медаль тус тус халааслаад байна.
