Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын захирамжаар 2024 оны наймдугаар сард хотын Ерөнхий архитекторын хариуцлагатай албанд томилогдож байсан Ч.Төгсдэлгэр өөрийн хүсэлтээр суудлаасаа буусан байна. Түүнийг албаа хүлээлгэж өгсөн шалтгааныг хууль хяналтын байгууллагын шалгалттай холбоотой гэх албан бус мэдээлэл цахим орчинд цацагдаад байсан бөгөөд энэ нь үндэслэлтэй болохыг албаны эх сурвалж баталлаа.
Уг албан тушаалд очих үедээ залуу боловсон хүчин буюу “Z” үеийн төлөөлөл хэмээн олон нийтийн анхаарлыг татаж байсан түүний боловсрол болон хэргийн нөхцөл байдал олны анхааралд байна. Тэрбээр “Шинэ Монгол” сургуулийг төгссөн, Япон улсад нийтийн тээврийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан нэгэн бөгөөд хуулийн байгууллагад шалгагдаж буй шалтгааныг доорх баримтаар багцалж болно.
- Авлигатай тэмцэх газраас түүнд холбогдуулан хэрэг бүртгэл нээгээд одоог хүртэл нэг жилийн хугацаанд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
- Түүнийг албан тушаалын байдлаа хууль бусаар ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгаа ажээ.
Авлигатай тэмцэх газраас энэ талаар тодруулахад “Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрт хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байгаа нь үнэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нэг жилийн өмнө хэрэг бүртгэл нээсэн” хэмээн албан ёсоор хариулжээ. Хуулийн байгууллага түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх зүйл ангид зааснаар буруутган, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байна.
