HomeУлс төрТөрийн ордонд 800 адуучин чуулж, адууны өв соёлын асуудлыг хэлэлцэв

Төрийн ордонд 800 адуучин чуулж, адууны өв соёлын асуудлыг хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол адуучин” үндэсний чуулганыг Төрийн ордонд анх удаа зохион байгуулж байна. Тус чуулганд 21 аймаг, сумдын 800 адуучин оролцож, монгол адууны өв соёл, удмын сан, адуучдын өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлэхдээ, адууны өв соёл, уламжлалыг цогцоор нь хөгжүүлэхэд монголчууд түүхэн хувь нэмэр оруулсныг онцоллоо. Тэрбээр энэ өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт Монгол Улс дэлхийд манлайлах учиртайг тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн хэлснээр монгол адуучид нь адууны угшил гарлын түүх, арчилгаа маллагаа, өвчин эмгэгийг эмчлэх, уналга эдэлгээнд сургах, хурдан хүлгийг шинжин таних, эдлэл хэрэглэл урлах зэрэг цогц мэдлэг, өв уламжлалыг тээгчид юм. Мөн адууг эмнэн эмчлэх, эмчилгээ, сувилгаанд ашиглах уламжлалт арга ухааныг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэх шаардлагатайг хэллээ.

Чуулганы үеэр дараах сэдвүүдээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

  • “Дэлхийн адууны өдөр-Монгол Улсын санаачлага”
  • “Адуучдын өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдэл”
  • “Адууны удмын санг хамгаалах, үүлдэр, угсааг сайжруулах”
  • “Малчны найман ногоон гарц, шийдэл”
  • “Морин хуур урлал адуун соёлтой холбогдох нь”
  • “Адуу эмнэх арга ухаан”
“Монгол адуучин” чуулганд 800 адуучин оролцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх адууны өв соёл, уламжлалыг хойч үедээ төгөлдөржүүлэн өвлүүлэх нь адуучин, уяачдын өмнө буй өндөр үүрэг, хариуцлага гэдгийг онцолсон байна. Мөн монгол наадмыг шударга, ёс дэгтэй зохион байгуулах, өвлүүлэн уламжлуулахад уяачдын ёс жудаг, чин сэтгэл чухал болохыг тэмдэглэв.

Цаашид адууны удмын санг хадгалан хамгаалах асуудалд төр, засаг, ард түмэн, ялангуяа уяачид, адуучид онцгой анхаарах ёстойг Ерөнхийлөгч санууллаа. Чуулганы үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, Тод манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий, Дорнод аймгийн Матад сумын малчин, Манлай уяач Бат-Очирын Цэндбаатар нарт Гавьяат малчин цол хүртээв.

Мөн нэр бүхий адуучид, уяачдыг төрийн дээд одон, медалиар шагнасан байна. Энэ нь адууны соёл, уяачийн хөдөлмөр, малчны уламжлалт мэдлэгийг төрийн түвшинд үнэлж буй үйл явдал боллоо.

УИХ монгол үүлдэр омгийн адууны удмын санг хамгаалах зорилгоор үржлийн адуу, түүний үр, хөврөлийг импортлохыг 2026-2036 он хүртэлх хугацаанд зогсоох тогтоол баталсан. Мөн сүргийн тархац, үүлдэрлэг байдлыг бүс нутгаар гаргах, үржлийн адуунд удам зүйн үнэлгээ хийх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, адуу судлал, төрөлжилт, ашиглалтыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тогтолцоо бүрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгожээ.

Дэлхийд 60 шахам сая адуу байдгаас 9 орчим хувь буюу 5 сая гаруй нь Монгол Улсад байдаг. Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.

Дэлхийн адууны өдөртэй болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн онд хэлэлцэн баталсан. Ингэснээр улс орнууд Үндэсний их баяр наадмын өдөр буюу 7 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэж байхаар болсон нь хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, үнэ цэнийг олон улс хүлээн зөвшөөрсний илрэл гэж үзэж байна.

Монгол Улс ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад монгол наадам, морин хуур, хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлээ бүртгүүлсэн. Мөн 2013 онд Хүй долоон худагт 10 мянган морьтны жагсаал, 4,000 хурдан морины уралдаан зохион байгуулж, Гиннест бүртгүүлсэн юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд